БНСУ-ын сонгуулийн сурталчилгааны ажил албан ёсоор өнөөдөр эхэллээ

БНСУ-ын сонгуулийн сурталчилгааны ажил албан ёсоор өнөөдөр эхэллээ

БНСУ-ын ирэх дөрөвдүгээр сарын 10-ны өдөр болох бүх нийтийн сонгуулийн кампанит ажил өнөөдөр /2024.03.28/ албан ёсоор эхэллээ. Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү сонгууль нь эрх баригч намын хувьд чухал ач холбогдолтой бөгөөд олонх болж чадаагүй тохиолдолд Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн таван жилийн бүрэн эрхийн үлдсэн гурван жилд эрх мэдэл нь хумигдаж магадгүй байна.

Гол сөрөг хүчин болох АН-ын хувьд парламент дахь олонхын суудлаа хадгалж үлдэхийг эрмэлзэж байна. Сүүлийн үеийн таамаглалаас үзэхэд, АН 300 гишүүнтэй Ассемблейд 200 гаруй суудал авч, гуравны хоёрын босгыг давснаар ерөнхийлөгчийн хоригийг хүчингүй болгох, цаашлаад ерөнхийлөгчийг огцруулахад хангалттай эрх мэдэлтэй болж магадгүй юм.

АН-ынхны хувьд эдийн засаг, ард иргэдийн амьжиргааг ноцтойгоор хүндрүүлж, сүүлийн хоёр жилийн хугацаанд маргаан дагуулсан олон асуудлыг буруу шийдвэрлэсэн хэмээн Юн Сог Ёлийн засаг захиргааг буруутгаж, хатуу дүгнэлт хийхийг сонгогчдод уриалж байгаа аж. Хоёр намын удирдагчид сонгуулийн кампанит ажлаа Сөүл хотод эхлүүллээ. АХН-ын дарга Хан Дун Хун Сөүлийн зүүн дүүрэг дэх загасны захад очиж сурталчилгаа хийхдээ, ард түмний амьжиргаатай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хүчин чармайлт гаргана гэдгээ онцлон тэмдэглэжээ.