ВИДЕО: Иргэдийн эрэлтээс хамаарч гурил үйлдвэрлэгчид 1-р гурилын үнийг 3000 орчим төгрөгөөр, 2-р гурилын үнийг 680 төгрөгөөр нэмжээ

ВИДЕО: Иргэдийн эрэлтээс хамаарч гурил үйлдвэрлэгчид 1-р гурилын үнийг 3000 орчим төгрөгөөр, 2-р гурилын үнийг 680 төгрөгөөр нэмжээ

Монгол улс стратегийн гол хүнс болох улаанбуудайн хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангадаг боловч гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна.

Тиймээс өнгөрсөн долоо хоногт стратегийн гол хүнс болох гурил, улаан буудайн импортын татварыг тэглэх асуудал засгийн газрын хэмжээнд яригдаж, олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм. Тодруулбал, Засгийн газраас гурилын импортын татварыг тэглэх , импортын хязгаарлалтыг цуцалж, зах зээлд чөлөөт өрсөлдөөнийг бий болгосноор манай улсад гурилын үнэ тодорхой хэмжээгээр буурна гэсэн саналыг эрх баригчид гаргаад байна.

ВИДЕО: 

-СҮҮЛИЙН ДӨРВӨН ЖИЛД ДЭЭД БОЛОН 1-Р ГУРИЛЫН ҮНЭ 3000 ОРЧМООР, 2-Р ГУРИЛЫН ҮНЭ 680 ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ-

Өнгөрсөн 2020 онд дээдийн дээд гурил 2166 төгрөг, дээд гурил 1425 төгрөг, 1-р гурил 1230 төгрөг, 2-р гурил 920 төгрөг байжээ. Харин одоо дээдийн дээд гурил 4047 төгрөг, дээд гурил 2960 төгрөг, 1-р гурил 2426 төгрөг, 2-р гурил 1600 төгрөг болж тус тус нэмэгджээ.

Гэвч иргэдийн харьцангуй бага хэрэглэдэг 2-р гурилын үнэ мөн бага дүнгээр нэмэгдсэн байгааг харж болно. Манай улсын иргэдийн хүнсний хэрэглээнд дээд болон 1-р гурил зонхилдог.

Цаашлаад үндэсний их баяр наадам, цагаан сар зэрэг баяр ёслолын үеэр дээд болон 1-р гурилын эрэлт бүр ч их нэмэгддэг. Гэвч дээд болон 1-р гурил нь цавуулаг ихтэй, хүний биед хүний биед төдийлэн тохиромжгүй өтгөн хаталт, таргалалт зэрэг асуудлыг үүсгэдэг. Харин хоёрдугаар гурил хүний биед ороод амархан боловсруулагдаж гадагшилдаг, төрөл бүрийн эрдэс бодисоор баялаг байдаг учир эрүүл мэндэд нэн тустай, харшил, таргалалтаас урьдчилан сэргийлдэг талаар мэргэжилтнүүд зөвлөсөөр байна.

-ИРГЭД ГУРИЛЫН ӨНГӨ ҮЗЭМЖЭЭС ХАМААРАН БИЕД АШИГГҮЙ ДЭЭД БОЛОН 1-Р ГУРИЛЫГ ИЛҮҮ ҮНЭЭР АВЧ ХЭРЭГЛЭСЭЭР БАЙНА-

Гэсэн хэдий ч иргэд ердөө гурилын өнгө үзэмжээс хамааран дээд болон 1-р гурилыг түлхүү хэрэглэдэгийн улмаас эрэлтээ даган үйлдвэрлэгчид тухайн төрлийн гурилынхаа үнийг дуртайгаараа нэмж иржээ. Мөн гурил үйлдвэрлэгчид гурилынхаа нэр төрлийг нэмж “дээдийн дээд гурил” гэгчийг гаргасан нь ч иргэдийн худалдан авалтанд нөлөөлсөөр байна. Ямартай ч засгийн газраас гурилын импортын татварыг тэглэх , импортын хязгаарлалтыг цуцалж, зах зээлд чөлөөт өрсөлдөөнийг бий болгох талаар ирэх долоо хоногт дахин хэлэлцэх юм.