Б.Серик: Барилдах эрхийг маань сэргээсэн гэж сонсоод урд шөнө догдлоод унтаж чадаагүй /ВИДЕО/

Б.Серик: Барилдах эрхийг маань сэргээсэн гэж сонсоод урд шөнө догдлоод унтаж чадаагүй /ВИДЕО/

Өнөөдөр "Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан “Монгол бөхийн өргөө”-нд болж байна. Энэ барилдаанд улсын заан Б.Серик оролцож байгаа юм. Түүний хувьд өнгөрсөн жил “Ургацын баяр”-ын барилдааны үеэр сумын заан А.Тодмагнайтай барилдаж давсныхаа дараа хүзүүн дээр нь дарж боссон нь олон нийтийн шүүмжлэлийг ихээхэн дагуулсан.

ВИДЕО: 

Харин үндэсний бөхийн холбооноос дээрх үйлдлийг хянаж үзээд Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хасаж шийдвэрлэсэн байсныг өчигдөр \2024.03.18\ сэргээсэн. Тодруулбал, түүнийг ёс зүйн зөрчилдөө хариуцлага тооцуулсны дараа нийгэм, олон нийтийн мэдээллийн сүлжээнд, мөн бөхийн хамт олны дунд өөрийн үйлдлийн талаар болон авсан арга хэмжээтэй холбоотой ямарваа нэгэн буруу ташаа мэдээ, мэдээлэл гаргах, бусдаас бурууг хайх, буруутгах зэрэг үйлдлүүдийг гаргаагүй, өөрийн алдаа зөрчлийг хүлээн зөвшөөрч, бодитой дүгнэлт хийн гэмшиж, эерэг хандлагыг харуулсан бөгөөд түүний хүсэлтийг хэлэлцэн ЁЗСХЗ-ийн гишүүдийн олонхийн саналаар барилдах эрхийг нь өчигдрөөс сэргээх шийдвэр гаргажээ.

Тэрээр энэ талаар манай сайтад өгсөн тодруулгадаа “Барилдах эрхийг маань сэргээсэн талаар өчигдөр надад хэлсэн. Тэр шийдвэрийг сонсоод манай гэр бүлийнхэн мөн миний бие маш их баярласан. Догдлоод урд шөнө сайн унтаж чадаагүй. Сая барилдаан эхлээд, бөхчүүдийн нэрийг дуудаж байхад хүртэл дотор чичрээд, догдлоод байсан. Ямар ч байсан хурдхан л барилдмаар байна, бөхийн өргөөндөө барилдахыг их хүслээ. Надад итгэл хүлээлгэж барилдах эрхийг маань сэргээсэн Монголын Үндэсний бөхийн холбоо, мөн энэ хугацаанд надтай хамт байж, намайг дэмжиж байсан бөх сонирхогчиддоо дахин дахин баярлалаа гэж хэлье.

Эрхээ хасуулсан хугацаанд бэлтгэл сургуулилтаа таслалгүй хийж байсан ч сэтгэл санааны хувьд маш хүнд байлаа. Энэ шийтгэлээс миний бие үндэсний уламжлал болсон монгол бөхөө дээдлэх цаашлаад бөхчүүд бие биендээ илүү хүндэтгэлтэй хандах хэрэгтэйг ойлгож, алдаагаа сайн ухамсарласан” гэж хэллээ.