Илүүдэл жинтэй ирвэсээ тураах төлөвлөгөө гаргасан гэж Панжихуа цэцэрлэгт хүрээлэнгээс мэдэгджээ

Илүүдэл жинтэй ирвэсээ тураах төлөвлөгөө гаргасан гэж Панжихуа цэцэрлэгт хүрээлэнгээс мэдэгджээ

Хэд хоногийн өмнө Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Панжихуа цэцэрлэгт хүрээлэн дэхь амьтны хүрээлэнгийн нэгэн ирвэс олон нийтийн сүлжээгээр алдартай болж, хүмүүсийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэжээ. Учир нь амьтны хүрээлэнгийн хашаандаа наранд биеэ ээн тайван сууж байгаа тус ирвэс хэтэрхий тарган болсон нь хүмүүсийн анхаарлыг татсан байна.

Түүнийг харсан иргэд “Хэтэрхий сайн тэжээсэн байна, яг л “Zootopia” хүүхэлдэйн киноны "ирвэс офицер"-ийн дүртэй төстэй харагдаж байна. Энэ амьтны хүрээлэн амьтдад үнэхээр сайн хандаж байгаа бололтой” гэх мэтээр хошигнон сэтгэгдэл үлдээсэн байсан бөгөөд зарим цахим хэрэглэгчид ирвэсийн эрүүл мэндэд санаа зовниж байгаа талаараа ч мөн дурджээ. Харин зарим хүмүүс тус ирвэсийг далайн хав гэж андуурсан байна.

Дээрх хэлэлцүүлэг цахим орчинд хүчтэй өрнөсний дараа Панжихуа цэцэрлэгт хүрээлэнгийн албанаас “бид ирвэстээ зориулан эрүүл хоолны дэглэм гаргах, биеийн тамирын дасгал сургуулилтыг илүү нэмэгдүүлэх зэрэг төлөвлөгөөг гаргасан” гэж мэдэгджээ. Тус амьтны хүрээлэнд дээрх илүүдэл жинтэй ирвэснээс гадна бүдүүн гэдэстэй баавгай, гялалзсан үстэй тэмээн хяруул ч байдаг гэж Панжихуа хотын олон оршин суугчид мэдэгджээ.

Эх сурвалж: Global Times