Бодлогын хүүг нэг хувь бууруулж, 12 хувь болголоо

Бодлогын хүүг нэг хувь бууруулж, 12 хувь болголоо

Монголбанкны бодлогын зөвлөл хуралдаж бодлогын хүүг 1 хувиар бууруулж, 12 хувь болгосон талаар Монголбанкнаас мэдээллээ. 

Жилийн инфляц өнгөрсөн сард улсын хэмжээнд 7 хувь, Улаанбаатар хотод 7.2 хувь болж буурчээ. Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, түнш орнуудын инфляц буурсан, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш чангарч байгаа нь голлон нөлөөлсөн байна. Цаашид инфляц алгуур буурах төлөвтэй байгаа аж. 

Гэвч хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний инфляц өндөр, цалин тэтгэвэр нэмэх, бэлэн мөнгө тараах, зудын нөхцөл хүндрэх зэрэг дотоод шалтгаанаар инфляц эргэж өсөх эрсдэл байгааг сануулж байлаа. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Инфляц өнгөрсөн оны төгсгөлд 7.8 хувь болсон. Сая 7 хувь руу буулаа. Тиймээс инфляцын дарамт буурч байна. Бодлогын хүү 13 хувь, инфляц 7 хувь, эерэг хүүний зөрүү нь 6 хувь байна. Зургаан хувийн орон зай байна гэж үзэж, мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлж байгаа. Гэсэн ч цаашдаа мөнгөний хатуу бодлого үргэлжилнэ. Нэрлэсэн хүү буурч байгаа ч 2, 3 улирлын дараа нөлөөлөл нь гарах учраас одоо зөөлрүүлж байгаа нь ирээдүйд бий болох эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилготой юм.

Судлаачид олон улсын геополитикийн нөхцөл байдал улам хүндэрнэ, шатахууны шок үүсэж болзошгүйг анхааруулж байгаа. Гэхдээ энэ жилийн тухайд өнгөрсөн жилүүдэд байсан импортын тээвэр дээр байсан дарамт байхгүй болсон. Инфляцын талаас илүүг нь дотоодын гурван бүтээгдэхүүн эзэлж байна. Энэ нь гурил, мах, сүү гурав" гэсэн юм. 

Эдийн засгийн өсөлт, өнгөрсөн онд 7 хувьд хүрч, нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайгаас хамааралтай салбарууд идэвхтэй болсон ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж хөдөө аж ахуйн салбар энэ онд агших төлөвтэй байна. Энэ нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Улмаар мал аж ахуйн салбарын хүндрэлийг бууруулах, зорилгоор эргэн төлөлт нь доголдсон малчны зээлд бүтцийн өөрчлөлт хугацааг сунгахтай холбоотой шийдвэр гаргажээ.