ВИДЕО: “SpaceX”-н бүтээсэн “Starship” пуужин гурав дахь туршилтаараа 26 мянган км цаг хурдалжээ

ВИДЕО: “SpaceX”-н бүтээсэн “Starship” пуужин гурав дахь туршилтаараа 26 мянган км цаг хурдалжээ

Саран дээр хүн буулгах, Ангараг гарагийг эзэмшихэд ашиглагдах зорилгоор бүтээгдсэн дэлхийн хамгийн хүчирхэг пуужинд тооцогдож буй “SpaceX” компанийн “Starship” пуужинг өчигдөр гурав дахь удаагаа туршжээ. Тус пуужин нь энэ удаа өмнөхөөсөө илүү урт зам туулж чадсан бөгөөд дэлхийн агаар мандалд буцаж орохдоо Энэтхэгийн далай дээр сүйрчээ.

“Starship” пуужин нь Эрх чөлөөний хөшөөнөөс даруй 27.4 метрээр илүү нийт 121 метрийн урттай бөгөөд өчигдрийн туршилтаар хамгийн өндөр хурдаараа буюу 26,000 км/цаг хурдаар нисэж, 200 гаруй километрийн өндөрт хүрсэн байна. Улмаар дэлхийн тойрог замын тал орчмыг туулсныхаа дараа алгуур доошилж, Энэтхэгийн далайн харалдаа агаар мандалд орж иржээ. Гэвч далайн түвшнээс дээш 65 км өндөрт хүрэх үедээ пуужин удирдлагын төвтэй холбоо тасарсан байна.

Тус пуужингийн Super Heavy Booster хурдасгуур нь 74.3 Мега ньютон тийрэлтийн хүч гаргадаг ба одоогийн байдлаар хамгийн хүчтэй пуужинд тооцогддог NASA-гийн Space Launch System (SLS) пуужингийн хүчнээс бараг хоёр дахин илүү юм.

Пуужингийн өмнөх хоёр туршилт дэлбэрэлтээр өндөрлөсөн ч Илон Маск үүнийг хэвийн гэж үзэж “шинэ техникийг лабораторийн орчинд туршихын оронд бодит амьдрал дээр дараалан туршиж, өмнө гаргасан алдаануудаа засаж, сайжруулах замаар ажилладаг. “Starship” олон гараг дамнасан амьдралыг бий болгоно” гэдгийг онцолж байсан юм. “NASA” 2026 онд сансрын нисгэгчдээ саран дээр буулгах төлөвлөгөөтэй байгаа ба “Starship” пуужингийн өөрчилсөн хувилбарыг ашиглахаар төлөвлөжээ.