АНУ-д “Tik Tok” аппликейшнийг хориглох шийдвэр гарлаа

АНУ-д “Tik Tok” аппликейшнийг хориглох шийдвэр гарлаа

Дэлхий даяар тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчтэй “TikTok”-г АНУ-д  113.3 сая насанд хүрсэн хүн идэвхтэй ашигладаг гэх судалгаа бий.  Тэгвэл АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын хууль тогтоогчид улсынхаа нутаг дэвсгэрт “TikTok” аппликейшний  хэрэглээг хориглох зорилготой хуулийн төсөл өргөн барьсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл өчигдөр буюу лхагва гарагт Конгрессын Төлөөлөгчдийн танхим “ТикТок” сошиал платформыг АНУ-ын зах зээлд хориглох нөхцөл бүхий хуулийн төслийг олонхын саналаар дэмжжээ. Тухайлбал “ТикТок”-ыг эзэмшигч Хятадын “ByteDance” компанид хяналтын хувиа зарах зургаан сарын хугацаа өгөх бөгөөд энэ хугацаанд өөр эзэмшигчтэй болохгүй бол АНУ-ын зах зээлд үйл ажиллагааг нь хориглох нөхцөлтэй хуулийн төсөл юм.

Одоо Сенатын танхим уг хуулийн төслийг хэлэлцэж, дэмжвэл ерөнхийлөгч Жо Байден баталснаар хүчин төгөлдөр болох аж. БНХАУ тус аппликейшнээрээ дамжуулан хэрэглэгчдэд нөлөөлөх, тэдний цахилгаан хэрэгслийг хянах ажиллагаа явуулдаг байж болзошгүй гэж холбооны мөрдөх товчоо үзээд байсан юм.