Д.Аргабилэг: Youtube бичлэг үзээд ойлгохын тулд зургаан настайдаа англи хэл сурч, найман настайгаасаа төлбөртэй хичээл зааж эхэлсэн /ВИДЕО/

Д.Аргабилэг: Youtube бичлэг үзээд ойлгохын тулд зургаан настайдаа англи хэл сурч, найман настайгаасаа төлбөртэй хичээл зааж эхэлсэн /ВИДЕО/

Дэлхийн хэл гэгдэх англи хэлийг Монгол Улсын ЕБС-ийн сурагчдад бага ангиас нь эхлэн заадаг болох тухай хууль өнгөрөгч хавар батлагдсан. Харин иргэд үүнээс ч өмнө өөрсдөө тэр дундаа үр хүүхдүүддээ англи хэлийг эзэмшүүлж, заан сургахаар хичээн зүтгэдэг болсон нь дан ганц дотоод бус дэлхийн боловсролыг эх орондоо эзэмших гэсэн хүсэл эрмэлзлээс улбаатай. Тэгвэл бид энэ удаад зургаахан насандаа англи хэл сурч, найман настайгаасаа эхлэн төлбөртэй хичээл зааж эхэлсэн есөн настай Д.Аргабилэг хүүг онцлон ярилцлаа.

ВИДЕО:

Түүний хувьд биедээ баймгүй асар их мэдлэгийн дөнгөж есөн настайдаа өөрөө болон аавтайгаа хамтран сурсан бөгөөд өөрийн гэсэн бяцхан студитэй. Өвлийн амралт эхэлсэнтэй холбогдуулан өдөр бүрийн 12 цагаас цахим хичээлээ хүүхэд багачууддаа зааж байгаа гэнэ. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

- Д.Аргабилэг анх яагаад англи хэлийг сурья гэж бодсон бэ? Мөн хэн зааж өгч байв?

Долоон настайдаа сургуульд орж, анх англи хэлийг сурч байгаад дараа нь ааваараа нарийн заалгасан. Анх бол тоглоом болон бичлэг үзэхэд хэлний асуудал тулгарч, ойлгохгүй байдаг учраас ойлгохын тулд англи хэлийг сурахаар шамдаж эхэлсэн.

- Тэгвэл англи хэлнийхээ сургалтыг хэзээнээс орж эхэлсэн бэ? Хүүхдүүд хэр их хамрагдаж байна?

Сургалтаа өнгөрсөн жилээс эрчимтэйгээр орж байгаа. Нэг анги нь 15 хүүхдийн бүрэлдэхүүнтэй байдаг. 7-11 насны хүүхдүүд ихэвчлэн миний сургалтад хамрагддаг. Одоогоор 50 гаруй хүүхдэд зааж байгаа. Сургалтаа явуулахдаа эхлээд төлөвлөгөө гарган түүнийхээ дагуу материалаа аавтайгаа хамтран бэлддэг. Бусад хүүхдүүдийг ч бас над шиг англи хэл сураасай гэсэн хүссэн учраас сургалтаа явуулж эхэлсэн.

- Чиний бодлоор англи хэл сурах нь ямар давуу талтай вэ?

Англи хэл сурснаар бусад орны хүмүүстэй ойлголцоход хялбар. Ингэснээр бусад зүйлсийг ч бие даан суралцахад дөхөм болдог. Миний хувьд одоогоор анимэйшн болон код бичихэд мөн суралцаж байгаа. Сургалт явуулж олсон мөнгөөрөө өөрийн жижиг студитэй болж тоног төхөөрөмжүүдээ авсан. Мөн аав маань маш их тусалдаг. Онлайнаар хичээлээ заадаг учир чанартай бичлэг харуулахын тулд төхөөрөмжүүдээ сүүлийн үеийн загварт нийцүүлж худалдаж авсаар байгаа.

- Гэр бүлийнхэн нь хэр их тусалж байна вэ? Мөн хичээлийнхээ хажуугаар сургалт орох мөн сургалтдаа хэрэгтэй зүйлсээ бэлтгэхэд чамд өөрт чинь цаг зав гардаг уу?

Зуны амралтаар зуу гаруй хүүхэд сургалтад маань хамрагдсан. Хичээлийнхээ хажуугаар өдөрт хоёр цагийг сургалт явуулахдаа зарцуулдаг. Надад өөрт бол маш их цаг зав гардаг. Гэр бүлийнхэн минь ч маш их тусалдаг. Ээж минь монгол хэлдээ сайн учир ярианы алдаа, утга найрууллага дээр зааж зөвлөдөг бол аав маань хичээлээ бэлтгэх буюу тухайн хичээлийн агуулга дээр хамт ажилладаг. Мөн хэл сурахыг хүсч буй олон хүүхдүүдэд зориулж аппликейшн бүтээхээр ажиллаж байгаа.

Д.Аргабилэг хүүг өдий зэрэгтэй болоход хамгийн их тусалж, дэмжсэн хүн бол түүний аав.

Хүү маань өөрөө дуртай байгаа учраас миний хувьд өөрийн гэсэн бүхий л хөрөнгөөр хүүдээ зоригтой хөрөнгө оруулалт хийхийг хичээж байгаа гэж ярих тэрбээр Монголын мундаг аав нарын төлөөлөл. Ингээд түүнтэй багахан хором ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.

- Та хүүдээ анли хэл зааж өгсөн гэлээ шүү дээ. Хүү нь хэр хугацаанд англи хэлийг сурав? Мөн анх яаж сургалт явуулахаар зориглов?

Би арав гаруй жил Англи улсад амьдарч байсан. Англи хэлийг заавал сурах ёстой гэж үздэг төрлийн хүн. Учир нь дэлхий дахины эдийн засаг англи хэл дээр тулгуурласан байдаг. Тиймээс хүүхдэдээ зааж өгөхөөр шийдэж, хоёр сарын хугацаанд өдөр болгон хорин минутаар зааж эхэлсэн. Харин хоёр сарын дараа хүү маань огцом сайжирсан. Сургуульдаа сурсан зүйлс нь цэгцэндээ орсон гэж хэлж болно. Ингэхдээ голчлон ном уншуулж, үг цээжлүүлдэг байсан. Үг цээжлүүлэх зарчмаар нийт 700 гаруй үгсийг цээжлүүлсэн. Сураад ирсэн хүү маань ч өөртөө итгэлтэй болоод, яг тэр үед нь би хүүдээ хүүдээ “англи хэл заах уу?” гэж санал тавьсан. Хүү маань ч туршиж үзээд амжилттай болсон. Анхандаа бол хичээл заахдаа хамтдаа суугаад заадаг байсан бол сүүлдээ ганцаараа бие даагаад заадаг болсон.

- Студийн хувьд нэлээд сүүлийн үеийн чанартай тоног төхөөрөмжтэй харагдаж байна? Энэ бүх тоног төхөөрөмжийг хэрхэн авсан бэ? Мэдээж маш их хөрөнгө мөнгө орсон байгаа шүү дээ. 

Цахимаар хүүхдүүдэд хичээл заадаг учраас сайн дүрс өгч, хоолойгоо ч чанга хүргэх ёстой учраас сургалтад хэрэглэгдэх тоног төхөөрөмж маш сайн байх хэрэгцээ тулгарсан. Ингээд би өөрөө зээл авч анхны тоног төхөөрөмжүүдээ авсан. Хүү ч сургалтаа явуулаад маш том амжилт гаргаж эхэлсэн. Би өөрөө заах хичээлийг нь эхлээд системтэйгээр бэлдчихдэг учраас хүү маань заахад хялбар болдог. Тэгээд бага багаар тоног төхөөрөмжүүдээ авсаар байгаад одоогийн студиэ бий болгосон доо.

- Хэрвээ нууц биш бол хүү сургалтаасаа хэдий хэмжээний орлого олж байна вэ?

Сургалтын орлогыг яг таг хэлэхэд жаахан хэцүү. Zoom анги ордог. Энэ анги нь хүүхдүүдтэй илүү тулж ажилладаг учраас арай өндөр үнэтэй. Мөн сургалтад олон хөнгөлөлт урамшуулал бий. Нэг хүүхдийн төлбөр ойролцоогоор 200-300 мянган төгрөг гэж ойлгож болно.

- Есөн настай хэрнээ өөрт баймгүй ажилч, хөдөлмөрч хүүгээрээ өөрийн тань хувьд маш их бахархдаг байх?

Тэгэлгүй яах вэ. Хүүгээрээ маш их бахархаж байгаа. Тийм ч  учраас хүүдээ маш сайн хөрөнгө оруулалт хийхийг хичээдэг. Өөрт нь дарамт өгөхгүйн үүднээс байнга урамшуулж, чиний орлогоор энэ төхөөрөмжүүдийг авч байна гэж хүүдээ хэлдэг. Би ч өөрийн олдог хамаг орлогоороо л хүүдээ хөрөнгө оруулалт хийж байгаа. Хүү маань ч их урам зоригтой айгаа учраас их зоригтойгоор хөрөнгө оруулалтуудыг хийдэг.

- Аппликейшн хийхээр төлөвлөж байгаа гэж хүү ярьсан. Нэлээд сонирхолтой санагдаж байна. Энэ талаараа ярихгүй юу?

Хүү маань англи хэлээ сураад эхэлсэн чинь өөр бусад маш олон зүйлийг сурч эхэлсэн. Одоо анимейшн хийж сурч байгаа. Мөн асар олон хүүхдэд англи хэл сурах хэрэгцээ шаардлага байгаа тул аппликейшн зохион бүтэээвэл хүүгийн маань мэдлэг илүү олон хүнд хүрэх юм байна гэж бодоод энэ ажилд шамдан ороод байгаа. Мөн Монгол хэл хүүхдүүддээ сургах зорилготой гадаадад ажиллаж, амьдардаг маш олон хүмүүс байдаг юм билээ. Тэр хүмүүс ч манай хүүтэй маш их холбогддог. Иймд англи хэл заахын хажуугаар Монгол хэл, монгол бичгийг аппликейшндээ оруулж өгч байгаа.

Ярилцсанд баярлалаа