Л.Энх-Амгалан: Сурагчдын хоцрогдлыг арилгах зорилгоор өөрийгөө үнэлэх шинэ систем нэвтрүүлсэн

Л.Энх-Амгалан: Сурагчдын хоцрогдлыг арилгах зорилгоор өөрийгөө үнэлэх шинэ систем нэвтрүүлсэн

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас сурагчдын өөрийгөө үнэлэх soril.eec.mn шинэ систем нэвтрүүлсэн талаар өнөөдөр /2024.01.15/ танилцууллаа.

Уг системд регистрийн дугаараар нэвтэрч эцэг эх, сурагчид өөрсдийн мэдлэгийг үнэлэх боломжтойн зэрэгцээ хоцрогдол нөхөх хичээлийг холбож өгсөн гэдгээрээ давуу талтай аж. Одоогийн байдлаар Математик, Монгол хэлний хичээлээр өөрийгөө сорих боломжтой бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 1-нд гэхэд бүх хичээлийг багтаахаар төлөвлөжээ.

Хэрэв дээрх цахим хуудсанд хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулсан ч мэдээлэл ороогүй гэж гарвал сургуулийн захиргаанд хандаж шалгуулах хүсэлт өгөх шаардлагатай гэнэ. Долоо хоногийн хугацаанд 75 мянган сурагчид өөрсдийн түвшинг тогтоожээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, "Шинээр хэрэгжиж эхэлсэн багц хуулиар бид зургаан том шинэчлэлийн бодлого буюу боловсролын шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Энэ хүрээнд үндэсний үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх, шинэчлэхээр зарласан. Өнгөрсөн арванхоёрдугаар сард манай улс анх удаа боловсролын чанарын үнэлгээнд хамрагдаж нийт 81 орноос 48 дугаарт жагсаад байсан.

Олон улсын байгууллагаас явуулдаг тус үнэлгээнд 15 хүртэлх насны 7,200 орчим хүүхэд хамрагдсан.

Сүүлийн гурван жилд Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс сургууль, багш, сурагчдын үнэлгээг тогтмол хийсэн ч бодит амьдрал дээр багшийн тавьсан үнэлгээ, сурагчийн бодит үнэлэмж зөрүү их гардаг тул шинэ системийг нэвтрүүлэхээр шийдсэн. Шинэ системийг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор нээж энэ хугацаанд 75 мянган хүүхэд өөрсдийн түвшнийг тодорхойллоо. Мөн олон улсын үнэлгээгээр монгол хүүхдүүд хоцрогдолтой гарсан төдийгүй нийслэл хотын сурагчдаас орон нутгийнхан хоцрогдолтой байгаа нь тодорхой байсан. Иймд хоцрогдол арилгах төлөвлөгөөг 2021 оноос эхлэн хэрэгжүүлснээр нааштай үр дүн гараад байна" гэлээ.