Б.Амаржаргал: Амилдаг ном, 3D виртуал хичээлийн танхимийг Монгол хүүхдийн боловсролд зориулж “AR” технологиор бүтээсэн /ВИДЕО/

Б.Амаржаргал: Амилдаг ном, 3D виртуал хичээлийн танхимийг Монгол хүүхдийн боловсролд зориулж “AR” технологиор бүтээсэн /ВИДЕО/

"AR" технологийн хөгжүүлэлт, бүтээгдэхүүнээрээ дэлхийн шилдэг тавд багтаж, олон улсын шүүмжлэгчдээс өндөр үнэлгээг авч, АНУ-ын зах зээлд гарсан компани Монголд байдгийг та мэдэх үү. Бид энэ удаагийн сурвалжилгаараа 10 дах жилдээ үйл ажиллагаа явуулж буй монголын Argun компанийг онцоллоо.

ВИДЕО: 

Тус компани нь монгол хүүхдийн боловсролд зориулан ЕБС-ийн хүүхдүүд болон цэцэрлэгийн боловсролд зориулж виртуал 3D танхим, амилдаг буюу үсэг, тоо, дүрс нь өөрөө ярьдаг ном зэргийг AR технологиор бүтээжээ. Өдгөө таван жил эл бүтээгдэхүүнийг боловсролын салбарт нийлүүлж буй тус компанийн AR технологиор бүтээсэн хичээлийн хэрэглэгдэхүүнүүд өндөр үр дүн гаргаад байгаа юм.

Өөрөөр хэлбэл Argun компани 2011 оноос хойш төрсөн альфа хүүхдүүдийн сурах арга барилд зориулан утас ашиглаж, ном болон зургийг амилуулах ЕБС-иудад зориулсан 3D-ээр бүх зүйлсийг ширээн дээрээ харах боломжтой бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж шинжлэх ухааны мэдлэгтэй Монголын ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхээр ажиллаж байна.

Эл санааг анх тус компанийн үүсгэн байгуулагч Батзориг “Harry Potter” киног үзэж байхдаа сонин нь хөдөлж, ярихыг хараад судалгаа хийж, баг хамт олноороо эл технологийн хөгжүүлэлтийг анхан шатнаас нь суралцсанаар өдгөө AR технологиор дэлхийд тэргүүлэгч шилдэг таван компанийн нэг болж, АНУ-д бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлжээ. Ингээд уг технологийн талаарх тус компанийн Маркетингийн менежер Б.Амаржаргалын яриаг хүргэе.

Тэрбээр “Манай компани AR технологи хөгжүүлэлтийн компани энэ жил 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. AR технологи хөгжүүлээд найм дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Анх 2013 онд байгуулагдахдаа хэвлэлийн компани байсан. Тэгээд манай компанийг үүсгэн байгуулагч Батзориг захирал маань анх Harry Potter үзэж байгаад сонин нь хөдлөөд ярихыг хараад бодит амьдрал дээр ийм технологи байдаг эсэхийг судалж AR технологийг олж мэдээд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Улмаар манай багын хүмүүс энэ технологийг өөрсдөө эхнээс нь суралцаж, мэргэжлийн түвшинд мэдлэгээ баяжуулаад хийж эхэлсэн. Одоо бол манай компани энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн шилдэг таван компанийн жагсаалтад багтдаг болсон.

Тэгээд бид нэгэнт технологи хөгжүүлэлтийн чадамжтай. Дээрээс нь контент бүтээдэг бүх зүйлээ өөрсдөө хийдэг учраас ер нь яагаад энэ чадамжаа боловсролын байгууллага руу чиглүүлж болохгүй гэж гэдэг үүднээс AR технологиор баяжуулсан боловсролын бүтээгдэхүүнээр дамжуулан хичээлийн хоцрогдолгүй, технологийн мэдлэгтэй, шинжлэх ухааны мэдлэгтэй, өндөр боловсролтой монгол хүүхдүүдийг, Монголын ирээдүйг бүтээнэ гэдэг эрхэм зорилготойгоор бүх чаддаг бүх зүйлсээ боловсролын салбар луу чиглүүлж ажилладаг.

Энэ хүрээнд сүүлийн 5 жил ЕБС-иудад зориулсан хичээлийн виртуал танхимууд болон цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан өөрөө ярьдаг үлгэрийн ном, амилдаг буддаг ном зэргийг гаргасан. Мөн сүүлд эвлүүлдэг зурагт паззлуудыг гаргаж байгаа. Энэ нь олон улсад стандарт, хөгжүүлэлтээрээ тэргүүлж байгаа.

AR технологи гэдэг нь ерөнхийдөө байгаа орчиндоо дижитал, виртуал технологийг бий болгож хардаг технологийг хэлдэг. Сургалтын хэрэглэгдэхүүнийг дежитал болон виртуал контентоор баяжуулж, сурагч бүр өөрсдийн ширээн дээр хүний зүрхний бүтцийг эсвэл галт уулын дэлбэрэлтийн процессыг харж болно. Харин цэцэрлэгийн хүүхдүүд өөрсдийн дуртай кино, үлгэрийн баатруудаар үзэг, тоо, дүрс, өнгө заалгаж болно. Өөрөөр хэлбэл яг хажууд нь үзэж буй хичээл болон номын баатар юм уу өнгө дүрсүүд нь гарч ирж хоорондоо ярьж хаажуудаас нь харж, сонсож байгаа юм шиг мэдрэмжийг өгдөг технологи байгаа.

Манай бүтээгдэхүүн сургуулийн өмнөх боловсролын салбарт маш өгөөжтэй өндөр үр дүнтэй байгаа. Яагаад гэвэл 2011 оноос хойш төрсөн хүүхдүүдийг бид альфа хүүхдүүд гэж нэрлэдэг болсон. Тэдгээр хүүхдүүдийн мэдээлэл авах орц, мэдлэгээ хоногшуулах чадвар нь биднийхээс шал өөр байдаг. Тэд зүгээр нь хавтгай ном, зураг хараад мэдээлэл олж авч чаддаггүй. Цаашлаад аудиогоор сонссон, багш уншаад эсвэл өөрөө харсан мэдээллийг мэдлэг болгож хоногшуулж чадахгүй байгаа. Харин аливаа зүйлийг заавал бодитоор нь гурван талаас нь бодит мэт дүрсэлж харж байж тухайн мэдээллийг мэдлэг болгож авдаг онцлогтой хүүхдүүд байгаа. Тиймээс яг энэ онцлогт нь тохируулсан өөрсдийнх нь дуртай дүрүүдийг  3D байдлаар харуулж, яриулж өөрсийнх нь байгаа орчинд тоон хүртэл өөрийгөө танилцуулж “намайг тэр тоо гэдэг” гэж ярихад хүүхэд тухайн агуулгыг дахин хэзээ ч мартахгүйгээр баталгаатай мэдэж авдаг онцлогтой.

Альфа хүүхдүүдийг бас дижитал уугуул иргэд гэж нэрлэдэг. Тэдний бас нэг онцлог нь технологи ашиглах төрөлхийн чадамжтай. Бүр цаанаасаа зөн совинтой төрж байна гэсэн үг. Тэгэхээр яг энэ чадварыг нь хөгжүүлж, энэ чадвар дээр нь суурилж өөрсдийнх нь ашиглах дуртай гар утсаар нь дамжуулж мэдлэг олгох нь хамгийн шилдэг сургалтын арга гэдгийг олон улсын боловсролын салбар хүлээн зөвшөөрсөн.

Бид AR технологийг боловсролын салбарт нэвтрүүлж, боловсролын технологи болгон ашиглаад таван жил болсон. Энэ хугацаанд бидний гаргасан ном, паззл бүрийг авч, суралцах арга барилдаа ашигласан багш болон эцэх эхчүүд хүүхдүүддээ хэрэглүүлж “ямар агуулга нь болохгүй байна, юуг нь сайжруулмаар байна” эсвэл “болж байна үүнийгээ цаашид хөгжүүлээд өгөөч” гэсэн маш олон санал ирдэг. Энэ санал ялангуяа боловсролын өмнөх салбараар түлхүү ирсэн. Иймд тэдгээр саналыг бид багцалж хурааж байгаад энэ 2023 оныг зөвхөн цэцэрлэгийн хүүхдийн боловсролд зориулж, шинэ багцуудыг гаргасан байгаа гэхчлэн бид яг боловсролын салбарын хэрэгцээ багш нарын шаардлага, хүүхдүүдийн сурах онцлогт тулгуурлан технологийн хөгжүүлэлтэй улам сайжруулж хийсээр байгаа. Манай бүтээгдэхүүнүүд мөн олон улсад амжилттай борлуулагдаж байгаа.

Тухайлбал, манай компанийн сүүлд гаргасан паззлууд АНУ, Шанхай гэхчлэн олон улсын тоглоомын үзэсгэлэнгүүдэд оролцож маш олон шагналыг авч, шилдгээр шалгарсан. Мөн олон улсын тоглоомын шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээг авсан. Үүний үр дүнд АНУ-д борлуулалтаа эхэлсэн байгаа" гэсэн юм. 

ФОТО: