Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монголд болно

Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монголд болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёлын яам, Монголын морьт харваачдын холбоотой хамтран есдүгээр сарын 1-10-ны өдрүүдэд “Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй наадам болон олон улсын морьт харвааны холбооны /IHAA/ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний ёс зан заншил, өв уламжлалаар дамжуулан гадаад, дотоодын жуулчдад Улаанбаатар хотыг сурталчлах зорилготой “Хийморь” олон улсын морьт харвааны тэмцээнийг 2019 оноос эхлэн зохион байгуулж ирсэн.

Энэ жил Монгол Улс анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах бөгөөд БНХАУ, Өмнөд Солонгос, АНУ, Франц, Австрали, Канад, Герман, Унгар зэрэг дэлхийн 24 орны 80 гаруй тамирчин оролцоно. Тамирчид скермиш буюу түрэг харваа, тавер буюу унгар харваа, польш харваа, рэйд буюу Ази харваа, Монгол бөмбөг намнаа зэрэг таван төрөлд хурд хүч, цэц мэргэнээ сорих юм. Мөн “Монгол бөмбөг намнаа” төрөл нь энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд албан ёсны төрөл болон шинээр нэмэгдэж байгаагаараа онцлог аж.