БНСУ-ын Элчин сайд Ким Жун Гү: Монголд ажиллах хугацаандаа ой мод, ногоон хөгжилд анхаарал хандуулж ажиллана /ВИДЕО/

БНСУ-ын Элчин сайд Ким Жун Гү: Монголд ажиллах хугацаандаа ой мод, ногоон хөгжилд анхаарал хандуулж ажиллана /ВИДЕО/

Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамнаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн 3-р үе шатыг амжилттай хэрэгжүүлэх мөн 2023 онд Монголд бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтан мод тарих арга хэмжээг “Монгол-Солонгосын нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.

ВИДЕО:

Тус арга хэмжээнд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү, БНСУ-ын төрийн болон төрийн өмчит байгууллагын төлөөлөл, Монгол Улс дахь "Ногоон хэрэм" холбоо, Монгол Улсын Ойн газар, "Монгол-Солонгосын сэтгүүлчдийн клуб"-ын гишүүд, "Тэрбум мод" сан, "Монгол-Солонгосын Ногоон хэрэм төсөл"ийн ажилтнууд оролцож нарс, шар хуайс, бургас, хайлаас гэсэн дөрвөн төрлийн модыг тарьлаа.

Анх 2006 онд Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын засгийн газар хамтран "Ногоон хэрэм" төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү төслийн нэг хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжсэн бөгөөд одоо гурав дахь үе шат нь хэрэгжиж байна. Төслийн нэгдүгээр шат нь 2007-2016 он хүртэл 10 жил үргэлжилж Төв аймгийн Лүн сум, Өмнөговь аймгийн Даланзадгад болон Булган сум зэрэг говь хээрийн бүсэд мод тарьж ургуулж болно гэдгийг харуулсан бөгөөд нийт 3000 га газар ойжуулалт хийж Монгол Улсын ойн санд хүлээлгэж өгчээ.

Төслийн хоёрдугаар шатанд 8 сая долларын хөрөнгө оруулалттайгаар “Монгол Солонгосын нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнг 2016-2021 онд байгуулсан байна. Тус цэцэрлэгт хүрээлэнг 2023 оны аравдугаар сарын 31-нд Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэж өгөх бөгөөд одоогоор 40 гаруй мянган мод тарьж ургуулаад байгаа аж. Харин төслийн гуравдугаар үе шат нь 2022 онд эхэлсэн бөгөөд Өвөрхангай Хөвсгөл Сэлэнгэ, Тэрэлж болон Улаанбаатарын бүс нутгуудад ойжуулах 2026 онд хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.  Мод тарих арга хэмжээний үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү "Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монголын ой мод, ногоон хөгжилд анхаарал хандуулж ажиллана" гэдгээ тодотгож байлаа. Харин "Ногоон хэрэм" төслийн багийнхан "Мод тариад орхих бус харин арчилж ургуулахад нь анхаарал хандуулах учиртай" болохыг сануулсан.