"Хөдөлмөрийн сайдаар Х.Булгантуяаг томилсон" гэх шалтгаанаар өмнө нь зарлагдсан харьяа агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалтыг цуцалжээ

"Хөдөлмөрийн сайдаар Х.Булгантуяаг томилсон" гэх шалтгаанаар өмнө нь зарлагдсан харьяа агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалтыг цуцалжээ

Ковидын хуулиар томилогдсон долоон яамны ТНБД, 11 агентлагийн даргыг Засгийн газрын нэгдүгээр сарын 11-ний /2023.01.11/ өдрийн хуралдаанаар ажлаас нь чөлөөлж, сонгон шалгаруулалт зарлахаар болсон билээ. 

Энэ дагуу Төрийн албаны зөвлөлөөс хоёрдугаар сарын 6-ны өдөр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын сонгон шалгаруулалтыг зарлаж, улмаар дөрөвдүгээр сарын 12 /2023.04.12/-ны өдөр шалгалтыг зохион байгуулахаар товлоод байсан юм. Уг сонгон шалгаруулалтад 7 хүн нэр дэвшээд байв. 

Гэтэл сонгон шалгаруулалтыг шалгалт авах өдөр нь цуцалсан байна. Учир нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын шинэ сайдаар Г.Булгантуяа томилогдсонтой холбоотойгоор дээрх сонгон шалгаруулалтыг цуцалжээ.

Сонгон шалгаруулалтад орохоор бүртгүүлээд байсан иргэд

Тодотговол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан Т.Аюурсайхан "нүүрсний" гэх хэрэгт холбогдож, улмаар сайдын суудлаасаа чөлөөлөгдсөн. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7 /2023.04.07/-ны өдөр  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Х.Булгантуяаг томилсон билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор сайдын шууд удирдлага дор ажилладаг агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалтыг цуцалсан байна.

Ингэхдээ Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн ХЭГ/833 тоот албан бичгийн дагуу тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтыг цуцлалсан талаар мэдээлжээ. Товчхондоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Х.Булгантуяаг томилогдсон гэх шалтгаанаар төрийн албаны сонгон шалгаруулалтыг шалгалт авах өдөр нь цуцалсан байна. Энэ нь дээрх сонгон шалгаруулалтад оролцсон нэр бүхий хүмүүсийн эрхийг зөрчиж байна гэдгийг эх сурвалж мэдээллээ.