ШУУРХАЙ: Найм хүртэл жилийн ял төлөвлөөд буй О.Мөнхжин, Б.Гантиг нарт холбогдох хэргийг шүүх хурал үргэлжилж байна

ШУУРХАЙ: Найм хүртэл жилийн ял төлөвлөөд буй О.Мөнхжин, Б.Гантиг нарт холбогдох хэргийг шүүх хурал үргэлжилж байна

Нийслэлийн прокурорын газраас "Их бит" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.Мөнхжин, гүйцэтгэх захирал Б.Гантиг нарыг үгсэн тохиролцож, мөнгө угаасан хэрэгт буруутай гэж үзэн холбогдох хэргийг нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн дөрөвдүгээр сард /2024.04.04/ шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл О.Мөнхжин, Б.Гантиг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг яг одоо Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. Уг хэргийг шүүгч Т.Батжаргал шүүж байгаа бол улсын яллагчаар Х.Онолт ажиллаж байгаа юм. 

Прокуророос О.Мөнхжин, Б.Гантиг нарыг гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, нэр бүхий койны үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн дансаар койн арилжаалсан, мөнгө угаасан, худал мэдэгдэл хийж олон нийтийг төөрөгдүүлэн, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашигласан гэж үзсэн байдаг.

Тиймээс Эрүүгийн хуулийн 18.19 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 18.20 дугаар зүйлийн 1 /Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

8.19 дүгээр зүйл. Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод  мэдээллийг хууль бусаар ашиглах

  • 2.1.бүлэглэж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

18.6 дугаар зүйл. Мөнгө угаах

  • 1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

18.20 дугаар зүйл.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах

  • 1.Виртуал хөрөнгийн хуурамч арилжаа хийсэн, эсхүл үнэ ханшийг зохиомлоор тогтоосон, эсхүл оролцогч, харилцагчийг арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх зорилгоор хууран мэхэлсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж тус бүр заажээ.



Өнөөдөр бар өдөр

53 минутын өмнө