Хүмүүсийн хөргийг нөхөрсөг, шог хэлбэрээр зурдаг Австралийн уугуул иргэдийн төлөөлөл зураач Винсент Наматжирагийн хөрөг зургийн үзэсгэлэн тус улсын нийслэл Канберра хотын Үндэсний Галерейд гуравдугаар сард нээгдсэн. “Australia in Colour” нэртэй уг үзэсгэлэнд олны танил 21 хүний хөрөг зураг буюу Британийн Хатан хаан асан Элизабет, Америкийн хөгжмийн од Жими Хендрикс, Австралийн ерөнхий сайд асан Скот Моррисон зэрэг олон алдартны хөргийг үзэсгэлэнд тавьжээ.
Мөн Австралийн хамгийн баян эмэгтэйд тооцогддог уул уурхайн магнат Жина Райнхартын хөрөг байсан ч Райнхартад өөрийнх нь хөрөг таалагдаагүй тул буулгуулахаар Үндэсний Галерейн удирдлагуудад хандсан байна. Харин галерейн захиргаа түүний хүсэлтэд татгалзан “манай үзмэрүүд, бүтээлүүдийн талаар нийтийн дунд хэлэлцүүлэг өрнөж байгааг харахад таатай байна. Бид бүтээлүүдийг Австралийн олон нийтэд урлагийн талаар мэдлэг боловсрол түгээх, суралцах урам зориг өгөхийн тулд үзүүлдэг билээ” гэжээ.
Форбс сэтгүүл Райнхартын хөрөнгийн хэмжээг $30.2 тэрбум гэж тооцоолсон байдаг.
Австралийн Дүрслэх Урлагийн Үндэсний Холбоо энэ маргаантай холбогдуулан “Райнхарт уран бүтээлийн талаар сэтгэгдлээ илэрхийлэх эрхтэй ч зөвхөн өөртөө таалагдаагүй шалтгаанаар зургийг үзэсгэлэнгээс буулгуулахаар галерейн удирдлагуудыг шахах эрхгүй юм” гэж мэдэгдсэн байна.