Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар хэлэлцэв

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар хэлэлцэв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.05.02/ хуралдаанаар Чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцлээ.

Дараа нь Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Уг асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн юм.

Монгол Улсаас гадаадын зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналын тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн:

  • Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Отгоны Дамбийнямыг эгүүлэн татах;
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэгийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сэсээрийн Золжаргалыг;
  • Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбадаржаагийн Батжаргалыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Банзрагчийн Баярсайханыг;
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрдэнэцогтын Сарантогосыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батнямын Энхбатыг;
  • Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ядмаагийн Ариунболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг тус тус томилох саналыг танилцуулж байна гэлээ.

Эгүүлэн татагдаж буй Элчин сайд О.Дамбийням, ЯАриунболд, Д.Батжаргал нарын томилолтын хугацаа нь дууссан, Элчин сайд Э.Сарантогосыг ажлын шаардлагаар сэлгэн ажиллуулах, Элчин сайд Ш.Батцэцэгийн томилолтын хугацаа нь үндсэндээ дууссан тул эгүүлэн татах саналыг танилцуулж буй аж. Монгол Улсын Их Хурлын 2013 оны 43 дугаар тогтоолоор Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын нийслэл Кабул хотод Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээж ажиллуулахаар шийдвэрлэсэн боловч Элчин сайдын яамыг нээгээгүй юм байна. Гэхдээ тус улсад суух Элчин сайдаар Отгоны Дамбийнямыг 2014 онд томилж, түүнд Иран Улсыг хавсруулсан бөгөөд өнөөг хүртэл түүнийг эгүүлэн татах асуудлыг эрх зүйн хувьд эцэслэн шийдвэрлээгүй байжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Элчин сайд нь Монгол Улсын олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх, хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд суугаа болон хавсран суугаа улс, олон улсын байгууллагадаа Монгол Улсыг төлөөлөн ажиллаж, эрх, ашиг сонирхлыг нь хамгаалах, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг шийдвэрлэхэд шаардагдах судалгааг хийж, төр, засгийн байгуулагыг мэдээллээр хангах, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, хоёр болон олон талын харилцааны асуудлаар яриа, хэлэлцээ хийх, гэрээ хэлэлцээр байгуулах, Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг олон улсын эрх зүй, суугаа орны хууль тогтоомжийн дагуу хамгаалж ажилладагаас гадна тэргүүлж буй Элчин сайдын яамныхаа үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэгтэй байдаг.

Элчин сайдаар томилон ажиллуулахаар нэр дэвшүүлж буй эдгээр албан хаагчид нь төрийн болон дипломат албанд, мөн хувийн хэвшилд олон жил амжилттай ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн болон дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой албан хаагчид болно гэлээ.

Ерөнхийлөгчийн саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Н.Энхболд, С.Батболд нар үг хэлсэн. УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, гадаад бодлогыг эдийн засагжуулахад онцгой анхаарч ажиллахыг хүссэн. Мөн сүүлийн үед дайны нөхцөл байдлаас болоод өөрчлөгдөж буй геополитикийн асуудалд мэргэжлийн үүднээс хандан, яамтайгаа нягт хамтран ажиллах, визийн асуудалд анхаарал хандуулан ажиллахыг захилаа.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ.