ЧУУЛГАН: Орон нутагт хоёроос доошгүй жил тогтмол үйл ажиллагаа явуулж, ажлын байр бий болгосон ААН-д тендерийн давуу эрх олгоно /ВИДЕО/

ЧУУЛГАН: Орон нутагт хоёроос доошгүй жил тогтмол үйл ажиллагаа явуулж, ажлын байр бий болгосон ААН-д тендерийн давуу эрх олгоно /ВИДЕО/

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.04.27/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Тендер сонгон шалгаруулалтын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхбаяр “Өнгөрсөн онд тендерийн асуудал орж ирэхэд би удаа дараа ярьж байсан. Томоохон төсөл хөтөлбөрүүдийг тендергүй шууд хэлцэл олгох байдлаар шийднэ гэж орж ирээд буцаасан. Тэгэхээр энэ асуудал шинэчилсэн найруулга дээр ямар найруулгаар явагдаж байгаа вэ. Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутгийн төсвийн байгууллагын зарласан. Тендерт орон нутгийн тээвэр, ААН-д давуу эрх олгох зарчим байнгын хороонд яригдсан байна. Энийг төсөлд яаж тусгаж байна. Юугаар нь давуу байдал олгож байгаа вэ. Бэлчээр дээр орон нутгийн иргэдэд асуудал ярихаар алдарт уяач нар хүргэн бэрүүдийнхээ харьяаллын хөдөө рүү шилжүүлээд тухайн аймаг сумын иргэн болгодог юм байна лээ. Тэгэхээр тендерийн хууль хэрэгжихээр том компаниуд 21 аймагт охин компаниа байгуулаад явах болов уу. Давуу байдал явж байна гээд барилгын компани авах уу гэдэг асуулт байна” гэлээ.

Төрийн худалдан авах ажиллагааны газар н.Батзул “Хуулийн төсөлд өнгөрсөн хавар эдийн засаг тэлэх томоохон төслүүдийг хэлэлцээ хийж, гэрээ шууд байгуулдаг байдлаар зохицуулсан ч дэмжигдээгүй. Тиймээс том төсөл жижиг төсөл эсэх нь хамаарахгүй бүгд нээлттэй тендер шалгаруулалтын аргаар явагдахаар тусгагдсан. Түүнчлэн гэрээ байгуулах аргыг нээлттэй болгож, гэрээний нөхцөлийг хумьж, үйлчлэх нөхцөлийг тэлсэн байгаа. Төвлөрлийг сааруулах хүрээнд орон нутагт байгаа ААН-үүдэд шаардлага тавьж байгаа. Сүүлийн хоёроос доошгүй жил орон нутагт тогтмол үйл ажиллагаа явуулж, ажлын байр бий болгох шаардлага тавьж байгаа. Ингэсэн тохиолдолд бусад компаниудаас нэмэлт таван хувийн давуу эрхтэй оролцоно. Мөн хувийн компани Монгол Улсын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах зохицуулалт байхгүй” гэв.

ВИДЕО: