Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хийнэ

Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн юм. 

Тэгвэл өнөөдөр  Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх нь. 

Улс төрийн намын тухай хууль нь долоон бүлэг, 46 зүйлтэй. Хуулийн төсөлд улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, бодлогын институт болгон төлөвшүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх, тэгш оролцоог хангах, намын дотоод ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн онцлох зохицуулалтууд багтсан. Мөн төрийн тэргүүн улс төрийн намын шинэтгэлийг цогцоор нь, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогод тулгуурлан хийх ёстой гэсэн байр суурь баримталж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдсэн билээ. 

ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДСАНААР:

  • Улс төрийн намуудын эрх зүйн орчин сайжирч, тэдгээрийн нийгэмд гүйцэтгэх үүрэг нэмэгдэх,
  • Намууд цөөнх эсвэл хэсэг бүлгийн эрх ашгийн илэрхийлэл болсон явцуу бүлэглэл бус, улс орны нийтлэг ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, нийгмийн өргөн давхаргын төлөөлөл бүхий бодлогын нам болох,
  • Намууд нийгмийн өмнө үүрэг хүлээдэг, хариуцлагатай болсноор намд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн бодлого, шийдвэр гаргах явцад ард иргэдийн шууд оролцоог нэмэгдүүлэх,
  • Намд олгох төрийн санхүүжилтийн хувь хэмжээ, зарцуулалтыг нарийн тогтоож, ил тод болгосноор намуудад өрсөлдөөний ижил нөхцөл бий болгож, авлигын түвшнийг бууруулах зэрэг эерэг үр дүн авчирна гэж үзэж байна.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн захирамжаар байгуулж, Улсын Их Хуралд суудалтай болон бусад нам, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөллийг оруулсан. Ажлын хэсэг 10 гаруй удаа нээлттэй хэлэлцүүлэг, уулзалт, ярилцлага зохион байгуулсны зэрэгцээ Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 35 намаас хоёр удаа саналыг нь авсан юм. Мөн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар хуулийн төсөл, түүнийг дагалдах хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэн саналыг нь авч төсөлд тусгажээ. Улс төрийн намын тухай хуулийг анх 1990 онд баталж, 2005 онд шинэчилсэн найруулгыг баталсан. Үүнээс хойш 18 жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлын даргад өргөн барьсан юм. Хуулийн төслийг ЭНД дарж харах.