Элчин сайд Т.Бадрал БНХАУ-ын дарга Ши Жиньпинд итгэмжлэх жуух бичгээ барьжээ

Элчин сайд Т.Бадрал БНХАУ-ын дарга Ши Жиньпинд итгэмжлэх жуух бичгээ барьжээ

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.

Элчин сайд Т.Бадрал энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг БНХАУ-ын дарга Ши Жиньпинд уламжилж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах чиглэлээр Элчин сайдын хувиар бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайд Т.Бадралд баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд мэндчилгээ дэвшүүлээд, БНХАУ-ын Засгийн газар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхээ тэмдэглэжээ.

Цар тахлын улмаас гадаад улсаас БНХАУ-д суух Элчин сайд нарын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах ёслолын үйл ажиллагааг сүүлийн 2 жилийн хугацаанд зохион байгуулаагүй байсан бөгөөд энэ удаагийн ёслолд 70 улсын Элчин сайд оролцож, итгэмжлэх жуух бичгээ барьсан байна.