Д.Амарбаясгалан "Гишүүдийн тоог 152 болгон нэмж, Цэцийн гишүүнийг зургаан жилээр ганцхан удаа сонгох" ҮНХӨ-ийг өргөн барьж, ирэх сараас хэлэлцэнэ

Д.Амарбаясгалан "Гишүүдийн тоог 152 болгон нэмж, Цэцийн гишүүнийг зургаан жилээр ганцхан удаа сонгох" ҮНХӨ-ийг өргөн барьж, ирэх сараас хэлэлцэнэ

Хоёр жилийн турш ярьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг /ҮХНӨ/ ирэх тавдугаар сараас /2023.05/ хэлэлцэж эхлэх нь.

-ҮХНӨ-ИЙГ ТАВДУГААР САРААС ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛНЭ-

Эрх баригч МАН бүхнийг зохиолын дагуу явуулж, улс төрд суудалтай, суудалгүй бүх намтайгаа хамтран нийгмийн сэтгэл зүйг ч хангалттай бэлдлээ. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ҮНХӨ-ийн талаар өнгөрсөн баасан гарагт /2023.04.14/ хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Санал боловсруулж танилцуулах чиглэлийг УИХ-аас Засгийн газарт хүргүүлсэн. Энэ сардаа багтан танилцуулах байх” гэж хэлсэн. Энэ нь дөрөвдүгээр сардаа багтаан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Засгийн газраас УИХ-д өргөн барина гэх агуулгыг илэрхийлж буй бөгөөд эх сурвалжуудын мэдээллээр ч баталгаажиж байна.  Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн долоо хоногт ҮХНӨ-ийг Ерөнхий сайдад танилцуулсан байна.

Улмаар 14 хоногтоо багтан өргөн барих бөгөөд ирэх тавдугаар сараас хэлэлцэж эхлэхээр бүлгийн гишүүддээ хэл дуулгажээ. Бүлгийн гишүүд ч нэгдсэн байр, суурьт хүрч буй  бөгөөд ихэнх нь дэмжихээ илэрхийлж, хариуд нь жагсаалтад орох, квот нэхэх зэрэг хөөцөлдөлгөөг “хөшигний ард” хийж яваа аж.

-ҮХНӨ-ӨӨР ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЖ ЧАДВАЛ ХЭДИЙГ ЖАГСААЛТАД БИЧИЖ, ХЭДИЙГ ТОЙРОГТ НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭ ТОДОРХОЙ БОЛГОНО-

Энэ удаа Үндсэн хуульд цогцоор нь  бус хоёр, гурван гол агуулгаар өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгаа аж.

Тодруулбал,

  • Гишүүдийн тоог нэмж 152 гишүүнтэй болох.
  • Цэцийн гишүүнийг зургаан жилээр нэг удаа томилох. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар Цэцийн гишүүнийг зургаан жилээр томилох бөгөөд нэг удаа улируулан томилж болох юм. Тэгвэл удахгүй өргөн барих Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэг удаа л сонгодог болгох аж.
  • Мөн эл хуулийн нам байгуулахтай холбоотой 19.1.2 дах заалтыг бүхэлд нь хасах.
  • Дээд шүүхийн шийдвэр хүний эрх зөрчсөн гэж үзвэл ҮХЦ-д хандаж, Цэц хүний эрхийн "шүүх" болно гэж хүний эрхтэй холбоотой заалтыг нэмж оруулжээ. 
  • Хотын эрх зүйн байдлыг шинэ түвшинд гаргана гэсэн өөрчлөлтийг тусгасан байна. 

Үүнтэй зэрэгцээд одоо хэлэлцэж буй Сонгуулийн тухай хуулийг ч мөн явуулах бөгөөд тус хуулиар зөвхөн сонгуулийн системээ ХОЛИМОГ БУЮУ ПРОПОРЦИОНАЛЬ болгох юм. Сонгуулийн тогтолцоотой холбоотойгоор МАН холимог тогтолцооны 38:38 хувилбарыг өргөн барьсан бол АН 48:28 хувилбараар өргөн барьсан. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэмж чадвал 100 гаруй хүний хэдийг жагсаалтад бичиж, хэдийг тойрогт нэр дэвшүүлэхээ тодорхой болгохыг Сонгуулийн хуультайгаа холбон дахин ярилцахаар тогтжээ.