БАЙР СУУРЬ: УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ улстөржиж, хүнийг хэлмэгдүүлж болохгүй /ВИДЕО/

БАЙР СУУРЬ: УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ улстөржиж, хүнийг хэлмэгдүүлж болохгүй /ВИДЕО/

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн баасан гарагт /2023.03.24/ Ерөнхий прокуророос УИХ-ын даргад хүргүүлсэн. Уг саналыг Халдашгүй байдлын дэд хороогоор өнөөдөр хэлэлцэнэ гэж тус дэд хорооны дарга Ц.Мөнх-Оргил мэдэгдсэн юм. Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Халдашгүй байдлын дэд хорооны хуралд хэргийн мөрдлөгийн талаар мэдээлэл өгөх бөгөөд үүнд үндэслэн дээрх гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхээр шийдвэр гаргах юм.

Үргэлжлүүлэн намын бүлгүүд, байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэж нууц санал хураалтаар асуудлыг шийдвэрлэнэ. Тэгвэл УИХ-ын нэр бүхий гурван гишүүнийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар УИХ-ын гишүүд ямар байр, суурьтай байгааг сонслоо. Тэд прокурорын саналыг дэмжих үү эсвэл парламентын дархлааг хамгаалах уу. 

ВИДЕО:

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ: Би хувь гишүүнийхээ зарчмыг л яриад байгаа. Аливаа зүйл зарчимтай  байх ёстой. Хуулийн байгууллага аливаа хэргийг өөрсдөө шалгадаг л байх хэрэгтэй. Шалгаж шийдэх боломж, бололцоог нь ч хуулинд оруулж өгөх ёстой. Тухайлбал, УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудлыг нь Үндсэн хууль, Улстөрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар өөрчлөх ёстой юм. Хуулийн байгууллага буруутай гэж үзэн шалгаж буй бол шүүхийн байгууллагад нь хандаад шийдвэрлүүлэх ёстой. Заавал УИХ-руу оруулж ирээд "Авч үлдлээ, үлдээгүй" гэж шүүлгэж, шүүмжлүүлээд байх шаардлагагүй. Ер нь  хүн өөрийнхөө ойр, дотны хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж Үндсэн хуульд заасан байдаг. Яг үүнтэй адил парламентын дархлааг хамгаалах талаас нь ярьвал гишүүд бүрэн байж хуулийг батална шүү дээ. Тархай, бутархай байвал хууль батлагдах процессын чанар алдагдана. Парламентын нэгдмэл байх агуулгыг эвдээд дотор нь шүүлгээд байх нь буруу. Амьдралын суурь болсон хуулийг баталдаг парламентын гишүүд бүрэн, бүтэн байх ёстой. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.АДЬШАА: Би нууцаар санал өгнө. Ийм тохиолдолд "та дэмжих үү, дэмжихгүй" юу гэж асууж байгаа нь юу гэсэн үг вэ. Энэ миний халдашгүй эрх. Би энэ асуултад хариулахгүй. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ЦЭРЭНПУНЦАГ: Прокурор ямар үндэслэлээр асуудлыг нь оруулж ирэхийг сонсож байж дүгнэлт хийнэ. Ер нь хүн үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой. Түүнээс УИХ-ын гишүүн хуулиас давсан эрх эдэлж болохгүй. Хамгийн гол нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх үндэслэл нь хуулийн хүрээнд байгаа эсэхийг харах ёстой. Эсвэл улстөрийн өнцгөөс нь харж ийм шийдвэр гаргасан уу. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАР: МАН-ын бүлгээс гарсан шийдвэрийг л дагана. 

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД: Мэдээж хариуцлага тооцох ёстой. Тэгэж байж "Ингэж болдоггүй юм байна" гэдэг жишиг тогтоно. Парламентын дархлаа гэдэг агуулгаар нь харвал гишүүдийг зорилготойгоор харлуулж байгаад нэг, нэгээр нь явуулаад байвал ардчилсан сонголтод буруу жишиг болно. Гэхдээ би нөгөө талыг нь барьж ажиллаасай гэж хүсч байгаа. Тэр нь юу вэ гэвэл хариуцлага тооцохгүй болохоор иргэд парламентад итгэхгүй байна. Үр дүнд нь парламентын нэр хүнд унаад байна. 76 хулгайч байдаг юм шиг л ойлголт байдаг боллоо. Тухайлбал, би УИХ-д орж ирээд л хулгайч болчихож байна. Ингэж хэлмэгдүүлж болохгүй. Мөн буруугүй хүнийг буруутай болгоод улстөрийн өшөө авалт хийж болохгүй. Ингэхээр прокурорын саналыг нээлттэй хэлэлцчих л гээд байгаа юм. 

МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ТОГТОХСҮРЭН: Ер нь Халдашгүй байдлын дэд хорооны чиг үүрэг их чухал. Энэ дэд хорооны гишүүд хэргийн үйл явцтай бүрэн танилцах эрхтэй. Танилцаад шийдвэрээ гаргадаг. Нийгэм парламентаас шударга ёс, хариуцлагыг шаардаж байгаа. Үүнийг манай гишүүд маш сайн ойлгож байхаа гэж бодож байна. Би ч үүгээрээ саналаа хэлчхэж байна.