"38:38 буюу холимог тогтолцоотой, эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгон нэмсэн, намуудын босгыг багасгасан" Сонгуулийн хуулийг АН-аар өргөн бариулж байна

"38:38 буюу холимог тогтолцоотой, эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгон нэмсэн, намуудын босгыг багасгасан" Сонгуулийн хуулийг АН-аар өргөн бариулж байна

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг зургадугаар сар /2023.06/-аас өмнө батална. Тиймээс энэ долоо хоногт Засгийн газрын саналыг авсны дараа УИХ-д өргөн барихаар бэлтгэж буйг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр /2023.03.27/ мэдэгдсэн. Парламентад суудалтай гурван намын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн боловсруулан УИХ-д өргөн барихаар бэлтгэж буй УИХ-ын сонгуулийн тухай хуульд ерөнхий таван өөрчлөлтийг оруулсан байгаа юм.

-ГАДААДАД БАЙГАА ИРГЭД ЭЛЧИН САЙДЫН ЯАМ, КОНСУЛЫН ГАЗАРТАА ОЧИЖ САНАЛ ӨГНӨ-

НЭГДҮГЭЭРТ, Сонгуулийн тогтолцоог холимог болгоно. Ингэхдээ 38:38 буюу 50 хувь нь мажоритар, 50 хувь нь пропорционал. Намын жагсаалтаар явуулахад намууд санал нэгдсэн байна. Жагсаалтаар нэр дэвшиж байгаа 38 хүний нэрсийн жагсаалтыг ил танилцуулна. Сонгогч саналаа өгөхдөө намаа ч, нэрсийн жагсаалтыг хардаг байхаар хуулийн төсөлд тусгасан байгаа юм. Намын жагсаалтаар шаардлага хангахгүй хүмүүс орж ирдэг гэдэг шүүмжлэл байдаг учраас нэрсийн жагсаалтыг харуулж, сонголт хийх боломжийг олгоход хууль санаачлагчид анхаарсан байна. Түүнчлэн, сонгогч намыг дэмжихгүй, нэр дэвшигчийг дэмжих сонголтыг мөн нээлттэй орхих аж. 

Тухайлбал, хуулийн нэгдүгээр бүлгийн​ 1.4.3.1-т Монгол Улсын Их Хурлын 38 гишүүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос, 1.4.3.2-д Монгол Улсын Их Хурлын 38 гишүүнийг энэ хуульд заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас сонгоно гэжээ.

ХОЁРДУГААРТ, Гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн саналыг гээгдүүлэхгүй байхад анхаарна. Өөрөөр хэлбэл, гадаадад амьдарч буй иргэд Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газарт очиж саналаа өгөх боломжтой болох аж. Хуулийн 19.1-т "Сонгуулийн ерөнхий хороо, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссыг гадаадад санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга болон ес, эсхүл арван нэгэн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна" гэжээ. Мөн ​19.2-т "Төв комисс нь салбар комиссыг гадаадад санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга болон хоёр, эсхүл дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулна" гэсэн байна.

-НАМУУД ЖАГСААЛТААР НЭР ДЭВШҮҮЛЭХДЭЭ 3:1 ХҮЙСИЙН ХАРЬЦААТАЙ ЖАГСААЛТЫН ДАРААЛЛЫГ ҮНДЭСЛЭНЭ-

ГУРАВДУГААРТ, нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа буюу эмэгтэйчүүдийн квот 30 хувиас доошгүй байна. Одоо мөрдөж буй хуулиар УИХ-ын сонгуулийн тухай хуульд 20 хувь гэж заасныг нэмэгдүүлэсэн гэсэн үг. Сонгуулийн хуулийн 15.30.5-т "Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 3:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлнэ" гэж тухайлан заажээ.

ДӨРӨВДҮГЭЭРТ, улс төрийн намуудад тавих босгыг гурван хувь болгосон. 2012 онд холимог тогтолцоо нэвтрүүлж байхад улс төрийн намуудын босго таван хувь байсан. Үүнийг багасгаж гурван хувь болгох нь зүйтэй гэж үзжээ.​ Тухайлбал, Энэ хуулийн "74.2.3-т 3 хувийн босгыг даваагүй нам, эвслийн авсан нийт саналын хувийг тэнцүү хэмжээгээр хуваан энэ хуулийн 74.2.3-т заасан жагсаалтад орсон нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувь дээр нэмж тооцно" гэсэн байна.

Мөн хуулийн ​​74.2.3.-т "бүх нам, эвслийн авсан нийт саналын 3 буюу түүнээс дээш хувийн санал авсан нам, эвслийг авсан саналын хувиар нь дараалалд оруулан жагсаалт гаргана" гэжээ.

ТАВДУГААРТ, Сонгуулийн зардлыг багасгахын тулд нэр дэвшигчид болон намуудын зурагт самбар, ухуулагчийн тоог багасгахаар тусгасан байна.

Харин олонхийн саналыг авсан нэр дэвшигчийг баталгаажуулахдаа их үлдэгдлийн зарчмаар хувь тэнцүүлэн хуваарилах юм байна. Энэ хуулийн 74.2.4-т заасан саналын хувийг энэ хуулийн 74.2.5-д заасан нэг суудалд ногдох саналын хувьд хуваахдаа бутархай нарийвчлалтай гаргаж, эхний ээлжинд бүхэл хэсэгт нь тэнцэх суудлыг хуваарилах, хэрэв хуваарилагдаагүй суудал үлдвэл хамгийн их үлдэгдэл буюу хамгийн их бутархай хувьтайгаас нь эхлэн нэг нэгээр суудлыг нам, эвсэлд нэмж хуваарилах зарчмаар бүх суудлыг хуваарилах аж. Ташрамд дурдахад, тус хуулийг АН-ын бүлгээр өргөн бариулж магадгүй гэх мэдээлэл байна. Цаашлаад УИХ-ын гишүүдийг тоог ч өөрчлөх боломжтой гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдсэн билээ.