ИНФОГРАФИК: 2023 онд Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар хамгийн их төсөв зарцуулж, Уул уурхай эсэргүүцдэг Ховд, Увс аймгууд 217 тэрбумын дэмжлэг, татаас УЛСААС авна

ИНФОГРАФИК: 2023 онд Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар хамгийн их төсөв зарцуулж, Уул уурхай эсэргүүцдэг Ховд, Увс аймгууд 217 тэрбумын дэмжлэг, татаас УЛСААС авна

Монгол Улсын 2023 оны төсвийг УИХ-ын чуулганаар өчигдөр /2022.11.11/ эцэслэн баталсан нь энэ долоо хоногийн чухал нэг сэдэв байв. Учир нь 2022 оны улсын төсөв 18 их наяд төгрөг байсан бол, ирэх 2023 оны улсын төсөв 21 их наяд төгрөг байхаар баталсан юм.

Харин дэлхий нийтэд коронавирусийн халдвар намжаагүй, Украины нөхцөл байдал тодорхой бус байгаа “хямралын жил”-д засгийн газраа яагаад зардлаа нэмэгдүүлэв гэсэн асуултад, эрх баригчид “УИХ-ын гишүүдийн тойрогт хуваарилдаг мөнгийг хассан, шинэ хөрөнгө оруулалт, хөшөө дурсгалд нэг ч мөнгө тавиагүй” гэж тайлбарлаж буй.

-2023 ОНД ИНФЛЯЦЫГ НАЙМАН ХУВЬ БАЙХААР ТӨСӨӨЛЖ, Т.АЮУРСАЙХАН, Х.НЯМБААТАР НАР ХАМГИЙН ИХ ТӨСӨВ ЗАХИРАН ЗАРЦУУЛНА-

Мөн өчигдөр 2023 оны төсөв батлагдсаны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн твиттер хуудастаа, “УИХ өнөөдөр Монгол Улсын 2023 оны төсвийг баталлаа. 2022 оны улсын төсөв цар тахлыг даван туулахад чиглэгдсэн бол 2023 он эдийн засгийг тогтворжуулах жил байх болно. Энэ хүрээнд эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүргэж, инфляцыг нэг оронтой тоо руу буулгана” хэмээн жиргэжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жиргээ: 

Тэгвэл ирэх жилийн төсөвт инфляцын хувь хэмжээг тусгахдаа, “2023 онд Засгийн газар, төв банкнаас макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлснээр инфляц дунд хугацааны зорилтот түвшин болох 8 хувь орчимд хүрэх төсөөлөлтэй байна” гэжээ. 2023 оны Улсын төсвийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Ингээд төсвийн ерөнхийлөн захирагчдын 2023 онд зарцуулах урсгал зардал, хөрөнгийн хэмжээг зааж өгчээ. Эдгээр захиран зарцуулагчаас хамгийн их нь Сангийн сайд 4,1 их наяд төгрөг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2,7 их наяд, Боловсрол, шинжлэх ухааны сайд 2,6 их наяд, Эрүүл мэндийн сайд 1,2 их наяд, Хууль зүй, дотоод хэргийн сайд 777,3 тэрбум төгрөгийг 2023 онд захиран зарцуулахаар зааж төсөвт зааж өгсөн байна.

-ЗУРГААН АЙМАГ УЛСАД 1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ОРЛОГО ТӨВЛӨРҮҮЛЖ, 15 АЙМАГ УЛСААС ТАТААС АВНА-

Харин 2023 оны улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүрэгтэй Өмнөговь, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь гэсэн ердөө зургаан аймаг байгаа бол, үлдсэн 15 аймагт уул, уурхай газар тариалан хөгжөөгүй тул 2023 онд эдгээр аймгуудад улсаас дэмжлэг, татаас өгөхөөр болжээ.

Тодруулбал, 2023 онд Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Улаанбаатар, Орхон гэсэн долоон газрыг 1 их наяд орчим төгрөгийг улсын төсөвт орлого болгон төвлөрүүлэх үүргийг өгчээ. Харин үлдсэн 15 аймагт 217 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж заажээ.

Товчхондоо, Өмнөговь, Орхон, Сэлэнгэ зэрэг аймгуудад уул уурхай, газар тариалан хөгжсөн гол бүс нутаг тул тэд улсаас татаас авах биш харин улсад татварын орлого бүрдүүлэн өгч байна. Харин уул уурхай, усан цахилгаан станцыг байнга эсэргүүцдэг Увс, Ховд зэрэг аймгууд улсын төсөвт орлого бүрдүүлж өгөх нь битгий хэл, улсаас санхүүгийн дэмжлэг, татаас авч байна.