Ахмадуудад 500 мянган төгрөг өгөхийг эсэргүүцэж, тэтгэврийн зөрүү арилгахыг МАХ-ноос хүслээ

Ахмадуудад 500 мянган төгрөг өгөхийг эсэргүүцэж, тэтгэврийн зөрүү арилгахыг МАХ-ноос хүслээ

Монголын ахмадын холбоо /МАХ/-ны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар өнөөдөр /2021.09.22/ тэтгэврийн зөрүүний талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр, Монгол Улсад 320 гаруй ахмад настан амьдарч байна. Тэдний ихэнх нь 2011 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон байгаа. Тэд бага цалингаас тэтгэвэр тогтоолгож, ихэнх нь тэтгэврийн доод хэмжээ болох 350 мянган төгрөгөөр амьдарч байна.

Ахмадын тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуульд өндөр настны тэтгэврийг амьжиргааны өртгийн өөрчлөлт, үнэ инфляцийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх заалттай. Энэ заалт хэрэгжээгүйгээс үүдэн тэтгэврийн зөрүү жил ирэх тусам нэмэгдэж, ахмадууд хохирсоор байна.

Тэтгэврийн зөрүүгээр бол 100-600 мянган төгрөг нэмэх ёстой. Одоо ахмадууд 350-430 мянган төгрөгийн цалин авч байна.

Гэтэл улс төрийн хүрээнийхэн бүх ахмадуудад 500 мянган төгрөг өгөх тухай ярьж байна. Үүнийг Монголын ахмадын холбоо эсэргүүцэж байгаа.

Ингэсэн тохиолдолд ажилласан жил, авсан цалин, шимтгэл төлсөн хугацааны зарчим алдагдана. Олон жил хөдөлмөр эрхэлсний үр шим гарахгүй болно. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нарт шаардлага хүргүүлж, 2022-2023 онд 600 тэрбум төгрөг гаргаж, тэтгэврийн зөрүүг арилгахыг хүсэж буйгаа мэдэгдлээ.