О.Мөнхтөр: Цагдаагийн алба хаагч “хоол идэж байгаа чинь хог тарьж байна” гээд торгосон

О.Мөнхтөр: Цагдаагийн алба хаагч “хоол идэж байгаа чинь хог тарьж байна” гээд торгосон

Өнгөрөгч Баасан гараг /2021.05.14/ О.Мөнхтөр гэх иргэн Сүхбаатарын талбайн дэргэдэх цэцэрлэгт түргэн хоол идэж байгаад 10 мянган төгрөгөөр торгуулсан тухайгаа цахим хаягтаа нийтэлж, иргэд зөрчлийн тухай хууль болон цагдаагийн байгууллагын шийдвэрийг эсэргүүцэж эхэлсэн. 

Харин өчигдөр /2021.05.16/ ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөсь “СБД-ийн 6 дугаар хороо Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр 17:00 цагийн үед иргэн Э.Б гэгч нь олон нийтийн газарт хог хаясан үйлдэл гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 10 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна. Олон нийтийн цахим сүлжээнд мэдээлэл оруулсан иргэн О.М гэгч нь зөрчил үйлдсэн иргэнтэй хамт байсан бөгөөд хоол идсэн гэх үндэслэлээр цагдаагийн алба хаагч иргэнд шийтгэл хүлээлгэсэн гэх үндэслэлгүй ташаа мэдээлэл түгээсэн болох нь шалгалтын явцад тогтоогдсон. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, зөрчил үйлдсэн этгээдэд хуульд заасан шийтгэл оногдуулсныг олон нийтэд бодит бус байдлаар мэдээлэл түгээсэн тухайн иргэнийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үргэлжлүүлэн шалгаж байгаа болно" гэх мэдэгдэл гаргасан. 

Иймд иргэн О.Мөнхтөр “Сүхбаатарын талбайн урд сааданд хоол идэж хууль зөрчсөн үйлдэл гэж бодохгүй байна. Гэтэл цагдаагийн алба хаагч хоол идэж байгаа чинь хог тарьж байна гэсэн. Ингээд торгоно гэсэн. Иймд бид эсэргүүцсэн. Гэтэл за тэгвэл нэгийг нь торгоё гэсэн. Харин бид нэг ч хог хаяагүй байсан. Гэтэл ЦЕГ-аас миний мэдээллийг худал мэдээлэл гэсэн байна. Харин бид хог хаяагүй байж торгуулаад, дахин худал мэдээлэл тараасан гэсэн үндэслэлээр шалгуулах нь” хэмээжээ. Энэ мэтээр сүүлийн жилүүдэд цагдаагийн алба хаагчийг тойрсон асуудал, олны шүүмж их гарах болоод байна.