Угаартаж амиа алдсан хөгшин “Яндангаа авч, өрхөө бүтээсэн” байсан гэх нөгөө л дүгнэлтээр буруутгажээ

Угаартаж амиа алдсан хөгшин “Яндангаа авч, өрхөө бүтээсэн” байсан гэх нөгөө л дүгнэлтээр буруутгажээ

Энэ сарын 13, 14-ны өдрүүдэд нийслэлд долоон хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ бол маш өндөр бөгөөд коронавирусийн халдвараар өдөрт нас барж буй хүмүүсийн тоотой ижил гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл, бид коронавирусийн халдварын түвшинтэй адил угаараар иргэдээ алдаж байна. Гэтэл төр засаг, холбогдох байгууллагуудаас зөвхөн вирусийн халдварт анхаарлаа хандуулж иргэдийн угаартах, эрүүл мэндээрээ хохирох, нас барах үйл явдалд огт анхаарал хандуулахгүй байгаа нь шүүмжлэл дагуулж байна.

-КОРОНАВИРУСЭЭР НАС БАРААГҮЙ Л БОЛ ТООХГҮЙ ЮУ-

Тэгвэл эдгээр угаартсан иргэдийн дунд 80, 82 настай ахмадууд байсан бөгөөд тэдний нэг нь нас барж нөгөө нь өнөөдөр Улсын нэгдсэн төв эмнэлэгт эмчлүүлж байна. Харин тус хөгшид "яндангаа авч өрхөө бүтээсэн" нь угаартаж, нас барахад хүргэсэн гэх нөгөө л дүгнэлтийг хуулийн байгууллагаас гаргаад байгаа юм. Хачирхалтай нь, яндангаа авч өрхөө бүтээх нь “амиа хорлох”-той ижил үйлдэл бөгөөд бүтэн хоёр жилийн туршид сануулсаар байхад энэ үйлдлийг иргэд хийсээр байна гэдэг эргэлзээтэй юм. 

Хамгийн анхаарал татах нь угаартаж нас барсан иргэдийн амиа алдсан шалтгаан нөхцлийг холбогдох байгууллагаас тайлбарлахдаа “Буруу галласан, өрхөө бүтээсэн, угаар мэдрэгчийг унтраасан” гэж тайлбарладаг болоод удаж байна.

Энэ дүгнэлт нь тус хүн амины хэргийн хариуцлагаас хэн нэгэн албан тушаалтныг мултлах үйлдэл байхыг үгүйсгэхгүй юм. 

Энэ мэт олон тодорхойгүй асуултад хариулт ирж бид угаартаж нас барсан иргэдийн гэрийг зорьсон ч хаягжилтын тодорхойгүй байдлын улмаас гэрийг олж ар гэрийнхэнтэй уулзаж чадаагүйдээ уншигчдаасаа хүлцэл өчье. Хөгшдийн хувьд Баянзүрх дүүргийн 23-р хорооны “Сургуулийн” гудамжны ... тоотод амьдардаг. Уулын энгэрт байрлах тэр хавийн айлуудын хашаан дээр хаягжилт гэх зүйлгүй, хаяг хадсан хэдхэн айлын тоо нь арилж бүдгэрсэн, салж унахад холгүй байв.

Улиастайн захын хэсгээр согтуу хүмүүс, хүүхдүүд хашааны гадаа болон худаг дээр олноороо цугларан, маскгүй явж харагдана. Цар тахлын энэ үед мөрдөгдөж буй арга хэмжээ гэх зүйл энд алга.

ДҮГНЭЛТ: Угаартаж нас барах хэрэг буурахгүй байна. Холбогдох байгууллагууд үүнд анхаарлаа хандуулж үнэхээр өөрсдийн хариуцлагагүй үйлдлээс болж нас барж буй бол иргэдэд мэдээ, мэдээллийг түгээх, соён гэгээрүүлэх тал дээр илүү ажиллахыг сануулж энэхүү бичвэрээ бэлтгэлээ.

Б.АНХБАЯР

М.МАРАЛМИЧИД




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө