А.Ариунзаяа: "Капитал" банктай холбоотой шүүхийн шийдвэр огт гараагүй. Процесс хүндрэл учруулж байна

А.Ариунзаяа: "Капитал" банктай холбоотой шүүхийн шийдвэр огт гараагүй. Процесс хүндрэл учруулж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Капитал банкнаас авах ёстой 340 орчим тэрбум төгрөгийн асуудал юу болсон бэ" гэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлэхдээ "Банкны эрх хүлээн авагчтай 33 удаа уулзсан. 28 албан бичиг, 40 цахим шуудан хүргүүлсэн. Энэ мэтээр бид ажилласаар л байна. Шүүхийн шийдвэр огт гараагүй, процесс нь үргэлжилсээр байгаа нь хүндрэл учруулж байна" гэв.

Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Цар тахлын үед нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах нь зөв. Мөн удаан ярьж байгаа нийгмийн даатгалын тогтолцоогоо хурдан өөрчлөх шаардлагатай байна. Нийгмийн даатгалын сан ачааллаа даахгүй, эрсдэлээ үүрч чадахгүй хэмжээнд очих гээд байна. Тиймээс энэ тогтолцоонд эрс шинэчлэл хийх шаардлагатай. Тэтгэвэр авагчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа. Эсрэгээрээ ажилтай хүмүүсийн тоо буурч байна. Иргэдийн насжилт уртасч байна. Хүн амын бараг 10 орчим хувь нь тэтгэвэр авагчид буюу ахмадууд болсон. Ингэхээр Нийгмийн даатгалын сан ачааллаа даахаа больж байна. Тэтгэврийн хэмжээ бага байгаагаас болоод иргэдийн дунд нийгмийн даатгалын шимтгэл төлөх сонирхол бага байна.

Залуучуудын дийлэнх олонх нь нийгмийн даатгалын шимтгэл төлснөөс банкинд мөнгөө хадгалуулсан нь дээр гэсэн хандлагатай байна. Нөгөө талдаа мэдээлэл сайтай хүмүүс нь тэтгэврийн насаа дөхөөд ирэхээр нийгмийн даатгалын шимтгэлээ өндрөөр төлөөд тэтгэврээ өндрөөр тогтоолгодог. Ийм байдлаар энэ тогтолцоо гажуудаж байна" гэв.




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө