ХӨШИГНИЙ АРД: Өлсгөлөн зарласан гишүүд Г.Занданшатарын урилгаар өрөөнд нь очсон ч уулзалт биш эрүүл мэндийн үзлэгт оржээ

ХӨШИГНИЙ АРД: Өлсгөлөн зарласан гишүүд Г.Занданшатарын урилгаар өрөөнд нь очсон ч уулзалт биш эрүүл мэндийн үзлэгт оржээ

Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгээгүй Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцэж УИХ дахь АН-ын бүлгийн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, Д.Ганбат, мөн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын нийт найман гишүүн энэ сарын 05-ны өдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд суулт, өлсгөлөн зарласан юм. Энэ хугацаанд Д.Ганбат, А.Адъяасүрэн нар эрүүл мэндийн шалтгаанаар өлсгөлөнгөө зогсоосон.

-ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД УЛСЫН II ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАРТАЙГАА ТӨРИЙН ОРДОНД ИРЖ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАСАН ГИШҮҮДЭЭС ШИНЖИЛГЭЭ АВЧЭЭ-

Харин бусад зургаан гишүүн нь долоон өдрийн дараа буюу энэ сарын 11-ны орой 18.00 цагт /2021.05.11/ өлсгөлөнгөө зогсоосон юм. Учир нь УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж МАН, АН-ын гишүүдийг оролцуулсан зөвшилцлийн ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг нь АН-ын бүлгийн гишүүдийн шаардлагын дагуу шийдвэр гаргахаар ярилцаж буй учир өлсгөлөнгөө зогсоосон билээ. УИХ-ын дарга Г.Занданшатар зөвшилцлийн ажлын хэсгийг байгуулах захирамжийг гаргасны дараа /2021.05.11/ Сүхбаатарын талбайд очиж өлсгөлөн зарлаж буй гишүүдтэй уулзсан. Тэрбээр энэ үеэр ажлын хэсэг гаргасныг албан ёсоор мэдэгдээд “Үргэлжлүүлж манай албан өрөөнд ярилцъя” гэсэн билээ.

Тэгвэл АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайгаас шууд УИХ-ын даргын өрөөнд ороод юу ярилцсан бэ гэдэг нь анхаарал татаж буй. Өлсгөлөнд оролцсон эх сурвалжийн мэдээлж буйгаар зөвшилцөх ажлын тухай  ярилцаагүй бөгөөд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Улсын II төв эмнэлгийн эмч нартай ирж өлсгөлөн зарласан гишүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, шинжилгээ авсан байна. Ингээд гишүүдийг II эмнэлэгт хэвтүүлж шаардлагатай эмчилгээ, сувилгааг хийжээ. Одоогоор гишүүдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд өнөөдөр /2021.05.13/ эмнэлгээс гарч магадгүй аж.

Тайлбар: Ажлын хэсэг байгуулж буй нь

-МАН ХУУРАХ ТАКТИК АШИГЛАЖ ӨЛСГӨЛӨНГ ЗОГСООСОН УУ-

МАН, АН-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг нь өлсгөлөн зарласнаас үүдсэн улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах зорилготой байгуулагдсан юм. Ажлын хэсгийн анхны хуралдаан энэ сарын 11-ны өдөр (2021.05.11) болж, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ, анхаарах асуудлын талаар саналаа солилцож, ажлын төлөвлөгөө гаргах, холбогдох байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг оролцуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа авах нь зүйтэй гэж үзсэн билээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Ганибал нар ажиллаж буй бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар бүрэлдэхүүнд нь орсон. АН-ын бүлгийн гишүүд дөрвөн зүйл дээр тохирч, өлсгөлөнгөө зогсоосон байдаг.

Тодруулбал,

  1. АН-ын тамганы асуудлыг дахин шалгах
  2. Улсын Дээд шүүхийн лавлагаа хуулийн дагуу гарсан эсэхийг дахин хянах
  3. Сонгуулийн Ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хангаж байгаа эсэх мэдээллийг сонсох
  4. УБЕГ-ын зарим ажилтныг АТГ-д шалгуулах.

ДҮГНЭЛТ: Дээрх бүгдээс дүгнэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсэг гаргасан нэрээр АН-ын гишүүдийг хуурав. Нөгөөтэйгүүр зөвшилцлийн ажлын хэсэг гарч тодорхой шийдвэрт хүрнэ гэж ярилцаагүй байсан ч АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөнгөө зогсоохоос өөр аргагүй болж нөхцөл байдал хүндэрсэн байдаг. Тодруулбал, сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр нэгэнт гарсан. Шийдвэрийг буцаах боломжгүйгээс хойш гишүүд үргэлжлүүлэн өлссөн бол эрүүл мэндийн хувьд эрсдэлд орохоор байв. Үүн дээр МАН сэргэлэн загнаж ажлын хэсэг гаргаж хуурсан бол АН-ын гишүүд ч үүнийг хүлээж байсан шиг зөвшөөрөв.




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө