Литва улс Монголд хилийн хатуу хязгаарлалт тогтоожээ

Литва улс Монголд хилийн хатуу хязгаарлалт тогтоожээ

Литва улсын эрх баригчид цар тахлын нөхцөл байдлыг харгалзан хязгаарлалт тогтоосон улсуудын жагсаалтаа шинэчилжээ.

Тодруулбал, өчигдөр/2021.05.11/ тус улсын Эрүүл мэндийн яамнаас Монгол, Мальдив болон Коста Рика улсаас ирсэн иргэдэд хилийн хатуу хязгаарлалт тогтоохоор болов. Ингэснээр Литва улс Шенгений орнуудаас Монгол Улсад хилийн хатуу хязгаарлалт тогтоосон анхны улс болж байна.  

Журмын дагуу дээрх орнуудаас Литвад очиж буй 16-аас дээш насны иргэд 72 цагийн өмнө зайлшгүй “COVID-19”-ийн PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Мөн Литвад нэвтэрснийхээ дараа дараа 10 хоногийн турш тусгаарлагдах юм. Харин Европын холбооны бусад улсад суралцдаг, эсвэл байнгын оршин суух визтэй иргэд долоо хоног тусгаарлагдсаны эцэст шинжилгээ өгч, тухайн улсдаа дамжин зорчих боломжтой.

Мөн тусгаарлалтын хугацаанд “PCR” шинжилгээгээр хоёр удаа сөрөг хариу авсан иргэдийн тусгаарлалтын хугацааг долоо хоног болгон бууруулах боломжтой аж. 

Харин дипломат болон НАТО-гийн цэргийн эвсэлд алба хаагч, тэдний гэр бүл, нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд оролцогч алба хаагчид, эрүүл мэндийн ажилтнууд, далайчид, тамирчид, дасгалжуулагч, хил хамгаалах, нисэхийн ажилчид тусгаарлалтад орохгүй юм байна. Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 921 тохиолдол бүртгэгджээ. 




Өнөөдөр морь өдөр

15 цагийн өмнө