ЕРӨНХИЙ САЙД БА БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН УУЛЗАЛТ: 27 мянган компани тайлангаа өгч чадалгүй, үйл ажиллагаагаа зогсоосон

ЕРӨНХИЙ САЙД БА БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН УУЛЗАЛТ: 27 мянган компани тайлангаа өгч чадалгүй, үйл ажиллагаагаа зогсоосон

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайд Б.Жавхлан нар бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж байна. Цар тахлын үед эрүүл мэндээс гадна эдийн засгаа тэнцвэртэй түвшинд барих ёстой учраас "10 их наядын цогц төлөвлөгөө"-г хэрэгжүүлж эхэлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо.

Тэрбээр “10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд 56 төрлийн арга хэмжээ, үйл ажиллагаа явуулахаар бид төлөвлөсөн. Үүнд ажлын байрыг дэмжих зээл, Монголбанкны репо санхүүжилтээр дамжуулан жижиг, дунд ААН, байгууллагуудыг дэмжих, түүнчлэн ипотекийн зээлээр дамжуулан иргэдийг дэмжих үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж эхэлж байна. Ажлын байрыг дэмжих зээлээр 674 тэрбум төгрөгийг иргэд, ААН-үүдэд олгосон нь найман долоо хоногийн хугацаанд бидний хүлээж байгаагүй тоо. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор зээлийн хурд удааширсан. Өнгөрсөн дөрвөн долоо хоногийн хугацаанд 550 гаруй тэрбум төгрөгийн зээл гарсан байна.

Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх эдийн засгийн засаглалыг сайжруулах бүтэц, өөрчлөлтийн шинэчлэлийн арга хэмжээнүүдийг багтаасан 100 арга хэмжээг танилцуулж байна. Үүнд, эдийн засгийг дэмжих, тэлэх төсөл арга хэмжээнүүд багтах юм.

Ирэх арван жилд гадаад өрийн хувьд хамгийн их дарамт үүссэн жил болно. Үүнийг эрсдэл багатайгаар даван туулахын тулд төсвийн шинэчлэл, мөнгөний болон төсвийн бодлого, улс төр макро орчин тогтвортой байх ёстой. Үүнд төр, хувийн хэвшлийн түншлэл хамгийн чухал” гэсэн юм.

Энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Их сэргэлт хийхийн тулд бүгдийг шинээр эхлүүлье. 27 мянга орчим компани тайлангаа өгч чадаагүй, үйл ажиллагаа нь зогсчихсон байна. Үүний цаана төдий хэмжээний ажлын байр үгүй болсон. Монголбанкны зээлийн эргэлтийн жагсаалтад орсон иргэдийн нэрсийг цэвэрлэх хэрэгтэй. Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээний талаар эргэн бодолцож үзэх ёстой. Бид эдийн засгаа хоёр дахин тэлж байж, өнөөдөр яригдаж буй нийгмийн асуудлуудыг шийдэж чадна” гэв.

ШУУД ҮЗЭХ: 




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө