ҮЙЛДВЭРЛЭГЧ: БНСУ, Японд "Чацарганын шүүс, Нэрсний чанамал" экспортолж буй “Эко Эрдэнэ” компани

ҮЙЛДВЭРЛЭГЧ: БНСУ, Японд "Чацарганын шүүс, Нэрсний чанамал" экспортолж буй “Эко Эрдэнэ” компани

Isee.mn сайт гарааны бизнес, шинэ инноваци, бүтээгдэхүүнээрээ гадаадын оронд “цойлж” буй Монголынхоо үйлдвэрлэгч компаниудыг уншигч танд танилцуулж ирсэн билээ. Тэгвэл энэ удаад дотооддоо төдийгүй Япон, БНСУ-д бүтээгдэхүүнээ экспортолж, салбартаа “гялалзаж” буй “Эко Эрдэнэ” ХХК-ийг онцолж байна.

1970 он. “Эко Эрдэнэ” компанийн “хундаамыг” цутгасан хүн бол Б.Билгээ гуай юм. Өдгөө 78 настай тэрбээр 1970 онд ОХУ-ын Москва хотын Хүнсний Технологийн Дээд Сургуулийг инженер, технологич мэргэжлээр төгсжээ. Сургуулиа төгссөнөөсөө хойш Б.Билгээ гуай насаараа хүнсний үйлдвэрлэлийн салбарт “хүчин зүтгэж” буй нь энэ юм.

Тэрбээр талх, чихэр, нарийн боов, гоймон, исгэлтийн үйлдвэрийн бүтээгдэхүүний жор, технологийн зааврын эмхтгэл, “Талх, талхны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг технологийн дамжлагын хяналт” гарын авлагыг боловсруулж хэвлүүлсэн нь өнөөг хүртэл хүнсний үйлдвэрүүдэд ашиглагдаж байгаа аж.

Энэ талаар түүний нэгэн танил нь “Социализмын үед Б.Билгээ технологич инженерийн боловсруулж эмхтгэсэн орц нормыг бүх хүнсний үйлдвэрүүд мөрдлөг болгон ажилладаг байлаа. Тэр үеийн үйлдвэрлэл жор орцыг хатуу баримталж чанартай олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг сэтгэл зүрхээ шингээн үйлдвэрлэж байсан даа” хэмээн хуучилсан юм.

1990 он. Монголын ууган үйлдвэрүүдэд ажиллаж байсан түүнд 1990-ээд оны үед Монголын хөрсөнд ургасан зэрлэг жимсээр экологийн цэвэр бүтээгдэхүүн хийх санаа төржээ. Үнэхээр тухайн үед Монголд зэрлэг жимсийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулдаг газар байгаагүй юм. Бизнесийн шинэ санаагаа тэрбээр 10 жил “гээлгүй” бодож, төлөвлөж явсаар “Эко Эрдэнэ” хэмээх компанийг байгуулж байжээ. “Эко Эрдэнэ” компани уг салбартаа цахиур хагалан гарч ирсэн нь 2000 он. Ийнхүү 2000 онд жимс жимсгэнийн үйлдвэрээ байгуулж аньс, нэрс, чацаргана гэсэн гурван жимсээр бүтээгдэхүүн хийж эхэлжээ. Эко Эрдэнийн хамгийн эхний бүтээгдэхүүн бол чацарганын өтгөрүүлсэн шүүс. Тус бүтээгдэхүүн Монголд анх удаа өвөрмөц технологиор хийгдсэн учир “Ашигтай загварын гэрчилгээ” авч байсан аж. Үйлдвэр тодорхой хэмжээгээр олонд танигдаж өргөжин тоног төхөөрөмжүүд нэмэгдэхийн хэрээр сав баглаа боодол шинэчлэгдэж, хуванцраас шилэн сав баглаа боодол руу шилжжээ.

2007 он. Дотоодын үйлдвэрлэгч тус компани үйл ажиллагааныхаа хүрээг тэлэхээр Япон улс руу бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн байна. Япон бол экспортын бүтээгдэхүүнүүдэд өндөр шаардлага тавьдгаараа алдартай орон. Тухайн үед “Эко Эрдэнэ” бүтээгдэхүүнээ хэд хэдэн удаа шинжилгээнд хамруулахад тус улсын шаардлагад бүрэн нийцэж, “экспортод бүтээгдэхүүнээ гаргах ирээдүйтэй үйлдвэр” гэсэн хариуг сонсож байжээ. Ийнхүү Б.Билгээ гуайн байгуулсан “Эко Эрдэнэ” өсөн дэвжсээр 2007 онд Японы “Yes Doctor” компанитай гэрээ байгуулж, өөрсдийн чацарганын шүүсийг экспортод гаргаж эхэлсэн байна.

Хоёр дахь экспорт. Япон бол хүнс үйлдвэрлэлийн маш том зах зээл. Энэ том зах зээлд Япончуудын өөрсдийнх нь бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх, танигдах, “тэсэж үлдэнэ” гэдэг амаргүй. Гэсэн ч экологийн цэвэр бүтээгдэхүүнээрээ “Эко Эрдэнэ” арлын оронд алдаршиж чадсан байна. Ийнхүү тус компани хоёр дахь орон руу бүтээгдэхүүнээ экспортлохоор зорьсон нь БНСУ байв. Дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас хүн бүр л эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмжихийг хичээх болсон. Энэ “далимыг” ч ашиглан Б.Билгээ гуай БНСУ-ын зах зээлд нэрсний чанамлаа экспортолж эхэлжээ.

2021 он. Хүнс үйлдвэрлэлийн салбарт өөрийн амьдралаа зориулсан Б.Билгээ гуай өдгөө ч компанийнхаа захирлаар ажиллаж байна. Түүний энэ олон жил ажилдаа баримтлан ирсэн зарим бол “хүний биед шим тэжээлтэй, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүнийг ард түмнийхээ хэрэгцээнд нийлүүлэх”.

Энэ зарчмыг нь залуу ажилтнууд нь мөрдлөг болгодог учир бүтээгдэхүүнүүд нь Б.Билгээ гуайн анх үйлдвэрлэж байсан шиг чанартай хэвээрээ. 2000 оноос өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулан эх орныхоо нэрийг бүтээгдэхүүнээрээ олон улсад сурталчилж буй “Эко Эрдэнэ”-ийн түүхийг та бүхэнд хүргэлээ.




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө