Энэтхэгт ховор төрлийн мөөгөнцрийн халдвар бүртгэгдэж эхэлжээ

Энэтхэгт ховор төрлийн мөөгөнцрийн халдвар бүртгэгдэж эхэлжээ

Коронавирусийн цар тахалд нэрвэгдсэн Энэтхэг улсад мукормикоз буюу ховор төрлийн, эрчимтэй тархдаг мөөгөнцрийн халдварын тохиолдол сүүлийн үед нэмэгдэх болжээ. Мукормикоз нь чийглэг өрөө болон юмсын гадаргуу, хөрс, ургамал, ялзарсан ногоо, жимс жимсгэнэ дээр хамгийн түгээмэл үүсдэг мөөгөнцрийн спороор амьсгалснаар халдварладаг өвчин юм.

Энэ халдвар нь хамрын хөндий, тархи, уушгинд нэвтэрч, чихрийн шижин өвчтэй хүмүүс эсвэл хорт хавдартай өвчтөнүүд, ХДХВ, ДОХ зэрэг дархлал хомсдолтой хүмүүсийн амь насанд аюул учруулах эрсдэлтэй. 

Энэтхэгийн Анагаахын боловсрол, судалгааны хэрэг эрхлэх газрын мэдээлснээр зөвхөн Гужарат мужид гэхэд л сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд дээрх мөөгөнцрийн халдварын 100 гаруй тохиолдол илэрч, хэд хэдэн өвчтөн уг халдварын улмаас хараагүй болжээ. Улмаар мукормикоз халдвар авсан хүмүүст зориулсан тусгай тасгуудыг эмнэлгүүдэд нээж эхэлсэн байна. 

Нөгөө талаар коронавирусийн халдварын эмчилгээнд стероид хэрэглэснээс үүдэлтэй мөөгөнцрийн халдвар нэмэгдэж буйг эмч нар хэлж байна. Стероидууд нь коронавирусийн улмаас үүссэн уушгины үрэвслийг бууруулдаг хэдий ч мөн дархлааг муутгаж, чихрийн шижинтэй болон энгийн өвчтөнүүдийн цусан дахь сахарын түвшнийг нэмэгдүүлдэг байна. Үүнтэй холбоотойгоор стероидууд нь мөөгөнцрийн халдварт өвчний тохиолдол нэмэгдэх гол шалтгаан байж магадгүй гэж мэргэжилтнүүд үзжээ.

“India Today”-ийн мэдээлснээр мукормикозоор коронавирусийн халдвар авсан өвчтөнүүд болон энэ өвчнөөс эдгэрээд удаагүй хүмүүст өвдөж байгаа аж. 

Эх сурвалж: Indiatoday




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө