Д.Жаргалсайхан: Би Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй

Д.Жаргалсайхан: Би Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй

Ирэх зургадугаар сарын 9-нд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/ хэд, хэдэн хүнд Ерөнхийлөгчид нэр дэвших санал тавиад байгаа аж. Тэдний нэг нь эдийн засагч Д.Жаргалсайхан бөгөөд тэрээр дөнгөж сая хариу тайлбарыг өглөө.

Эдийн засагч Д.Жаргалсайхан “УИХ-д суудалтай ХҮН-ын гишүүд, төлөөлөл 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намайг тус намаас нэр дэвших санал тавьсанд баярлаж байна. Мөн миний хийж ирсэн нийгмийн ажлуудыг дэмжин хамтарч үзэл бодлоороо нэгдэж, намайг энэ сонгуульд дэвшихийг уриалж надад итгэл үзүүлсэн бүх хүмүүст түүний дотор гадаадад суугаа олон Монголчуудын төлөөлөл АНУ, Япон, Голланд зэрэг орнуудаас холбогдон урам зориг хайрласанд талархал илэрхийлж байна.

Би ардчилсан нийгмийн хөгжил цэцэглэл нь мэдээлэлтэй мэдлэгтэй иргэн бүрийн оролцооноос хамаардаг гэдэгт итгэдэг. Энэ итгэл үнэмшлээрээ Монголд иргэний нийгмийг бэхжүүлэхийн төлөө, Монголд хараат бус дуу хоолой нь байж сүүлийн 10 гаруй жилийн турш энэ үйл хэрэгт гар бие оролцож ирлээ. Хүн бүхэн хаа байгаа газраа юу хийж чадахаа хичээнгүйлэн хийх цаг үе бидний өмнө тулгараад байна. Иймд миний бие ХҮН , эвсэл болон намайг дэмжиж уриалсан бусад хүмүүсийн саналыг хүлээж авахын оронд одоо хийж байгаа үйл хэргээ илүү сайжруулж ардчиллын үнэт зүйлсийг эх орныхоо хөрсөнд улам бэхжүүлэх, нийгмийн ажлаа үргэлжлүүлэх болно. Удахгүй зургадугаар сарын 9-нд Монголчууд бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу анхны зургаан жилээр ажиллах Ерөнхийлөгчөө сонгоно. Энэ сонгуульд нэр дэвшигчид шударгаар өрсөлдөх, нийт ард иргэд идэвхитэй оролцохыг уриалж байна. Сайхан Монгол орноо хайрлаж, бие биенийгээ хүндэлцгээе ах дүү нар аа” гэлээ