"Эрдэнэт"-ийн 49 хувийг төрд авах тогтоолд өөрчлөлт оруулна

"Эрдэнэт"-ийн 49 хувийг төрд авах тогтоолд өөрчлөлт оруулна

УИХ-аас 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 23 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолын 3 дахь заалтад “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж, төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулахыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Засгийн газарт даалгасан.

Уг тогтоолын дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 151 тоот захирамжаар байгуулсан ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авсан гэх талтай хэлэлцээрийн хүрээнд дөрвөн удаагийн уулзалт, хэлцлийг зохион байгуулсан байна.

Хэлцлийн үр дүн, ажлын хэсгийн санал дүгнэлтийг Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанд танилцуулж, “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” тогтоол гаргасан ч “Монголиан коппер корпорэйшн” ХХК эс зөвшөөрчээ.

Ийнхүү Засгийн газраас УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор суутган тооцох хэлцэл хийж, төрийн өмчид авах чиглэлээр боломжтой бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн боловч хэлцэл амжилтгүй болсон тул УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор тус тогтоолд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн байна.