У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэр 980 мянган хэрэглэгчид хүрчээ

У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэр 980 мянган хэрэглэгчид хүрчээ

Манай улс цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан тав дахь удаагаа хөл хориог мөрдөж байна. Халдварын тархалтыг хумихын тулд ийнхүү хязгаарлалт хийх зайлшгүй шаардлага үүсч байгаа учраас “Ковид-19”-ын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталж, айл өрхийн цахилгаан, дулааны, цэвэр бохир усны төлбөрийг төрөөс хариуцахаар болсон юм.

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар өнгөрсөн арваннэгдүгээр сард уг шийдвэрийг гаргасан юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх долоодугаар сар хүртэл хэрэгжих шийдвэрийн хэрэгжилт ямар байгаа талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан мэдээлэл өглөө. Түүний хэлснээр Засгийн газар өнөөдрийн байдлаар нийтдээ 980 мянган хэрэглэгчийн цахилгаан, дулааны 290 тэрбум төгрөгийг хариуцан төлөөд байгаа ажээ.

“Айл өрх болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийн хөнгөлөлтөд цахилгаан эрчим хүчний 683 мянган хэрэглэгч, дулааны эрчим хүчний 297 мянган хэрэглэгч, давхардсан тоогоор нийтдээ 980 мянган хэрэглэгч хамрагдсан байна. Тогтоол хэрэгжсэн хугацаанаас буюу 2020 оны арванхоёрдугаар сар, 2021 оны нэг, хоёр, гуравдугаар сард цаxилгаан, дулааны эрчим xүч, дулааны уурын төлбөрөө Монгол Улсын Засгийн газраас хариуцуулж байгаа хэрэглэгчдийн нийт төлбөр 345 тэрбум төгрөг байгаа бөгөөд үүнээс 290 тэрбум төгрөг буюу 84 хувийг Монгол Улсын Засгийн газраас төлсөн байна” гэлээ.

Харин тогтоол хэрэгжиж дуусахад урьдчилсан тооцооллоор дөрөв, тав, зургаадугаар сард 194 тэрбум төгрөгийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг Монгол Улсын Засгийн газраас хариуцаж хэрэглэгчдийн өмнөөс төлөхөөр байгаа аж. Цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлснээр хэрэглэгчдийн өмнөөс Монгол Улсын Засгийн газраас нийтдээ 484 тэрбум төгрөгийг төлөх тооцоо гарчээ.