БНХАУ: Хутгатай этгээд хүүхдийн цэцэрлэг рүү халдаж, 16 хүүхэд, хоёр багшийг гэмтээжээ

БНХАУ: Хутгатай этгээд хүүхдийн цэцэрлэг рүү халдаж, 16 хүүхэд, хоёр багшийг гэмтээжээ

Өчигдөр буюу лхагва гарагт БНХАУ-ын өмнөд хэсэгт орших Бейлиу хотын нэгэн цэцэрлэгт хутгатай этгээд халдаж 16 хүүхэд, хоёр багшийг гэмтээсэн ноцтой хэрэг гарчээ.

Халдлага үйлдсэн этгээд орон нутгийн цагаар 14:00 цагийн орчимд хувийн цэцэрлэг рүү дайран орж, тус хүмүүсийг шархдуулсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Үүний дараа цагдаагийн байгууллага яаралтай очиж, тус этгээдийг газар дээрээс нь саатуулан баривчилсан бөгөөд одоогоор түүнийг хэн болохыг нь тодорхойлоогүй байгаа юм. Энэхүү аймшигт явдлын дараа тус улсын цахим сүлжээнд хэргийн газрын бичлэг цацагдсан бөгөөд тоглоомын талбай дээр цус болсон хүүхдүүд айж цочирдон уйлж байгаа, зарим нь ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байгаа нь харагддаг байна. Мөн цагдаа нар гэмт этгээдийг баривчилж байгаа дүрс бичлэг ч цахим орчинд таржээ.

Харин зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус этгээд нь сэтгэцийн өвчтэй байсан гэжээ.

БНХАУ-д сүүлийн жилүүдэд сургууль, өдөр өнжүүлэх төвүүд рүү гэмт этгээдүүд халдсан хэд хэдэн ноцтой гэмт хэргүүд гараад байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн жил өмнөд Гуанси мужийн нэгэн цэцэрлэг рүү хамгаалагч нь халдаж 39 хүүхэд болон ажилчдыг хутгалж гэмтээсэн аймшигт хэрэг гарч байсан бол 2018 онд Чунчин хотод цэцэрлэгийн гал тогооны хутгаар зэвсэглэсэн эмэгтэй 14 хүүхдийг гэмтээж байсан аж.