УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы дарамталсан гэх хятад эзэнтэй “Мал бааз” гэж юу вэ

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы дарамталсан гэх хятад эзэнтэй “Мал бааз” гэж юу вэ

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан энэ долоо хоногт сонгогдсон тойрог Дорноговь аймагт ажилласан. Эхлээд Сайншандад ажилласны дараа буюу энэ сарын 26-ны өдөр /2021.04.26/ Замын-Үүдэд төрийн албан хаагчидтай уулзаж зарим асуудлаар байр, сууриа илэрхийлсэн. Энэ үеэр тэрбээр экспорт, импортын тээврийн жолооч нарыг золбин гэж дуудаж олны дургүйцлийг хүргэснээс гадна өөр нэгэн ноцтой зүйл ярьсан юм.

ВИДЕО ҮЗЭХ:

Тодруулбал, тэрбээр “Замын-Үүдэд ажиллаж буй хил, гааль болон цагдаагийн алба хаагчид хил дээр машин оруулдаг ажил хийдэг. Нийлж авлигал авдаг. Үүнээс болж тээврийн үнэ өсч улмаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн. Тиймээс хил дээр хэвтээд байлгүй ажлаа хий. Цагдаагийн газрын дарга, Авто тээврийн газрын дарга нар хил дээр юугаа хийгээд байдаг юм. Хойно “Мал бааз” дээр очиж ажилла, коронавирусийн халдвар тархахгүй байхад анхаар. “Мал бааз”-ыг дамжин өнгөрөх цэг болгомоор байна. Тэгэхгүй бол коронавирус Замын-Үүдэд тарах эрсдэлтэй, үхлээ хатлаа” гэсэн. Үнэндээ бол Т.Энхтүвшин бид хоёр тэр нэг хятадыг нь олж дарамталж байгаад болгосон. Үнэнийг хэлэхэд хүний хувийн өмчийг дээрэмдэж байгаад болгосон. Тэнд очиж ажлаа хий, үхсэнээ хийж хил дээр байгаа юм” гэж загнаж уурласан юм.

Тэгвэл түүний хэлээд буй “Мал бааз” гэж аль чиглэлд ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага, эзэн нь хэн болох  тухай мэдээллийг бид судаллаа. Хамгийн ноцтой нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан албан тушаал, нэр хүндээ ашиглаж бусдын хувийн өмчийг дээрэмдэн зах зээлийн зарчмыг цаашлаад хуулийг зөрчин маш ноцтой бүдүүлэг үйлдэл гаргасан юм биш биз гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Мал бааз

-ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРЭЭР “МАЛ БААЗ”-ЫГ БАЙГУУЛЖ БАЙЖЭЭ-

“Мал бааз” бол Замын-Үүдээс хойш 20 км зайд Шаргын овоо өртөөний баруун талд байрладаг 2017 онд байгуулагдсан газар юм.

Тодруулбал, Засгийн газрын 2017 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 284 тоот тогтоолын дагуу нийт 600 га талбайд тус газрыг байгуулжээ. Засгийн газраас нийт 15 жилийн хугацаатайгаар тус газрыг өмчлүүлсэн байна.

Зориулалтын хувьд Замын-Үүдийн хилээр хөлөөр нь гаргах малыг эрүүлжүүлэн, уурагжуулах, тэжээх үйл ажиллагааг явуулдаг юм. Өөрөөр хэлбэл, малыг эрүүлжүүлж БНХАУ-руу экспортлодог байгууллага. Тус 600 га газарт олон улсын ОIE буюу дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас гаргасан стандартад заасны дагуу барилга байгууламж барьсан бөгөөд одоо энд тээврийн жолооч нарыг тусгаарлаж байна.

Байгууламжийн 100 га талбайд малын гоц халдварт өвчнөөс сэргийлсэн эрүүл бүсийн тусгаарлах талбай бий бөгөөд бог малыг эмнэлгийн хяналтын дор үзлэг шинжилгээнд хамруулж борддог аж.

Нутгийн иргэдийн хэлж буйгаар тус газар болон байгууламж нь хятад эзэнтэй нь үнэн юм байна.

-ХУВИЙН ӨМЧИЙН ҮНЭ ЦЭНЭ, АЖИЛ ЯВУУЛАХЫН ЗОВЛОН ЖАРГАЛЫГ МЭДДЭГ ХҮН БУСДЫН ӨМЧИД ХАЛДАХ НЬ ХЭР ЗОХИСТОЙ ҮЙЛДЭЛ ВЭ-

Өнгөрсөн сард Замын-Үүдэд коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдэж үүнээс үүдэлтэйгээр БНХАУ-ын талаас хэсэг хугацаанд хил хаасан. Тиймээс халдвартай бүсээс ирж буй тээврийн жолооч нарыг тусгаарлах шийдвэрийг нутгийн удирдлагууд гаргаж “Мал бааз”-ыг обьектоор сонгосон байна.

Тодруулбал, Улаанбаатар хотоос ирсэн жолооч нарыг “Мал бааз”-д тусгаарлан байрлуулахаар болжээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханаар “Мал бааз”-ын хятад эзэн рүү нөлөөлүүлж улмаар дарамтлуулсан байх магадлалтай аж.

Б.Дэлгэрсайхан гишүүний хэлж буйгаас дүгнэхэд тус газрын эзэн байгууламжаа тусгаарлалтын байрны зориулалтаар ашиглуулахыг зөвшөөрөөгүй байхад нь дарамталсан байх магадлалтай байна. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хувьд өөрөө Монголын томоохон компанийн үүсгэн байгуулсан, хувийн өмчийн үнэ цэнэ, үйл ажиллагааны зовлон, жаргалыг мэдэхийн дээдээр мэдэх нэгэн. Гэтэл өөрөө бүдүүлэгтэж бусдын хувийн өмчид халдсан байна.