Оюутолгойн асуудлаар ажлын хэсэг байгуулна

Оюутолгойн асуудлаар ажлын хэсэг байгуулна

Өнөөдөр байнгын хороод хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэх юм байна. Үүнд:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

-Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төсөл /Засгийн газар 2021.04.13-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

-Бусад.

ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН:

1.Түр хорооны хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/ 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

-Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар Улсын онцгой комиссын мэдээлэл сонсох.

2.Түр хорооны хуралдаан /“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий/ 14.30 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

-Ажлын хэсэг байгуулах тухай /Оюу толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалган, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/;

-Бусад.