БАРИМТ: АН-ын асуудлыг Х.Баттулгын нөлөөгөөр шийдсэн байж болзошгүй ХОЁР шүүгчид “сахилгын хэрэг” үүсгэжээ

БАРИМТ: АН-ын асуудлыг Х.Баттулгын нөлөөгөөр шийдсэн байж болзошгүй ХОЁР шүүгчид “сахилгын хэрэг” үүсгэжээ

УИХ-ын сонгуульд АН ялагдаж, С.Эрдэнэ намын тамгаа Ц.Туваанд шилжүүлсэн боловч, тэрээр тус намын дүрмийн дагуу ажиллаагүй гэдэг. Иймд С.Эрдэнэ УБЕГ-т хүсэлт гаргаж, Ц.Тувааны ашиглаж байсан АН-ын 1117237845 дугаартай тамгыг хүчингүй болгож, тус намын тамгыг 9020120477 дугаараар Улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байгаа юм.

Товчхондоо, Улсын бүртгэлд АН-ын даргаар С.Эрдэнэ бүртгэлтэй байгаа тул хуулийн дагуу шийдсэн гэж УБЕГ-аас мэдэгдсэн. Харин Ц.Туваан “УБЕГ-ийн дээрх шийдвэрийг хүчингүй болгох”-оор Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан бол, С.Эрдэнэ “Ц.Туваан нь АН-ыг төлөөлөх эрхгүй” гэсэн утгатай өргөдлийг мөн шүүхэд гаргасан байгаа юм. Ингээд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М дээрх хоёр маргааны урьдчилан хэлэлцүүлгийн үеэр “түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

-АН-ЫН ӨМГӨӨЛӨГЧИЙГ “ЯТГАСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ” ХЭСГЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТЭМДЭГЛЭЛЭЭС ХАССАН БАЙЖЭЭ-

Харин хамгийн ноцтой нь, АН-ын дарга С.Эрдэнийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэе, шүүгчээс битгий татгалз гэсэн утгатай зүйлийг ярьж, ятгасан. Улмаар энэхүү ятгасан хэсгээ “урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл”-ээс хассан байгаа ажээ. Тодруулбал, өнгөрөгч хоёрдугаар сарын 02 –ны өдөр болсон шүүхийн хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М АН-ын дарга С.Эрдэнийн өмгөөлөгч Г.Батбаярт хандаж, “ … миний өнөөдрийн чин зориг гэх үү, хүсэлт юу вэ гэхээр хүсэлтийг чинь сайхан шийдчихмээр байгаа байхгүй юу. Энэ нэг хэл амтай, ядаргаа төвөгтэй юмнаас хэн аль нь салмаар байна яг үнэнийг хэлэхэд …” зэргээр хэлж, тэднийг ятгасан байж болзошгүй байгаа аж. 

Хэлэлцүүлгийн тэмдэглэлд ороогүй хэсэг

Гэтэл шүүх хурлын үеэр яригдсан энэхүү олон минутын хэсэг нь хурлын тэмдэглэлээс хасагдаж, Захиргааны хэргийн давж заалдах шүүх рүү илгээгдсэн байна. Учир нь, шүүх хурал эхлэхээс, дуусах хүртэл бүх үйл явдал, хэлсэн үгийг хурлын тэмдэглэлд бичиж оруулдаг билээ. Улмаар М шүүгчийн АН-ын өргөдлийг “түдгэлзүүлсэн” шийдвэрт Ерөнхийлөгч Х.Баттулга болон Тамгын газрын удирдлагуудаас нөлөөлсөн байж болзошгүй байгаа эх сурвалж мэдээлж байгаа юм.

-ТЭМДЭГЛЭЛЭЭС 8-13 МИНУТЫГ ХАСАЖ БУУЛГАСАН НЬ НОТЛОГДСОН ТУЛ Г.МӨНХТУЛГАД САХИЛГЫН ХЭРЭГ ҮҮСГЭХ ТОГТООЛ ГАРЧЭЭ-

Иймд АН-ын ХЭГ-ын дарга А.Цэрэнбат Шүүхийн ёс зүйн хороонд М шүүгчийн талаар гомдол гаргасан байна. Улмаар түүний гомдлыг ёс зүйн хороо хэлэлцээд “Урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд 8-13 минутыг хасаж буулгасан нь нотлогдсон тул энэ үйлдэлд нь Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 23 дугаар зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж бүрэлдэхүүн дүгнээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М-д сахилгын хэрэг үүсгэх нь зүйтэй” гэж үзжээ.  

Шүүхийн ёс зүйн хорооны тогтоол

Ингээд Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасныг удирдлага болгон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М-д сахилгын хэрэг үүсгэсүгэй гэж шийдвэрлэжээ.

-Ц.ТУВААНЫГ АН-ЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР БҮРТГЭСЭН Х.СОНИНБАЯР ШҮҮГЧИД МӨН САХИЛГЫН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ -

Мөн АН-ын хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэдийн 2020.11.05-ны өдрийн албан бичгээр дэд дарга Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсныг бүртгэсэн байдаг. Гэтэл УДШ-ийн цахим сан дахь АН-ын бүртгэлд өөрчлөлт оруулж, Ц.Тувааныг дээрх албан тушаалд бүртгэхдээ Иргэний Хэргийн шүүхийн тэргүүн С нь шүүх хуралдаан товлон зарлахгүйгээр, холбогдох ажилтанд цохолтоор үүрэг өгөх замаар шийдвэрлэж, улс төрийн намын бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбоотой тогтоосон журмыг баримтлаагүй байжээ. 

Шүүхийн ёс зүйн хорооны тогтоол

Иймд С-ын энэхүү үйлдэлд “сахилгын хэрэг” үүсгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж Шүүхийн ёс зүйн хорооноос үзсэн байна. Тухайлбал, улс төрийн намын дүрэм болон даргын бүртгэлд өөрчлөлт оруулахдаа “нэг хүний шийдвэрт үндэслэж биш” эрх барих дээд байгууллага /намын их хурал, ҮБХ/-аас гаргасан шийдвэрт үндэслэж, шүүгч нарын бүрэлдэхүүнтэй хуралдаж шийддэг байна. Гэтэл Ц.Тувааныг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэх албан тушаалд УДШ-ийн цахим санд бүртгэхдээ нэг хүн буюу П.Нүрзэдийн албан тоотод үндэслэж, мөн шүүх хурлын бүрэлдэхүүнгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зөрчжээ. Иймд түүний энэхүү үйлдэлд Ерөнхийлөгч Х.Баттулга нөлөөлсөн байж болзошгүй гэж зарим эх сурвалж мэдээлж байгаа юм.