СУРВАЛЖИЛГА: Эрдэнэ суманд хөл хорио тогтооно гэснээр ХОЁР ИРГЭН яаран гарч, явганаар нутаг руугаа яваад осгож нас баржээ

СУРВАЛЖИЛГА: Эрдэнэ суманд хөл хорио тогтооно гэснээр ХОЁР ИРГЭН яаран гарч, явганаар нутаг руугаа яваад осгож нас баржээ

Энэ сарын 25-ны өдөр /2021.04.25/ Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумаас Чандмань сум руу явганаар явж байсан хоёр иргэн осгож нас барсан харамсалтай хэрэг гарсан. Нас барсан иргэд нь Чандмань сумын иргэн 40 настай Г, 21 настай Б нар байсан юм. Эл харамсалтай хэрэг гарсан өдөр чухам ямар үйл явдал талийгаачдад тохиолдсон тухай мэдээллийг сэрэмжлүүлэх үүднээс эх сурвалжуудын мэдээллээр баталгаажуулан хүргэж байна.

-КОРОНАВИРУС ГЭЖ ХЭТ СҮРЖИГНЭСНЭЭС БОЛЖ ЗАЛУУС ЭРДЭНЭ СУМААС ЯАРЧ ГАРЧ ЯВААД ОСГОЖ НАС БАРСАН УУ-

Энэ сарын 23, 24-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань, Эрдэнэ суманд айлын хашаа, хаалга дарсан их хэмжээний цас оржээ. Ингээд 25-ны өдөр тэнгэр цэлмэн, дулаарч хаагдсан даваа гүвээг нээх ажлыг сумын онцгой комиссоос төрийн албан хаагчидтай хамтран зохион байгуулсан байна. Яг энэ өдрийн өглөө эртдээ талийгаач Г, Б  нар ачааны машинд гурил, будаа мөн өвс ачаад Эрдэнэ сум руу хөдөлсөн байна. Эрдэнэ сумын хувьд Чандмань сумаас 35 км-ийн зайтай. Залуус өглөө эрт Эрдэнэ суманд очиж ачаа, бараагаа буулгаж эхэлсэн бөгөөд үдээс хойшдоо ажлаа амжуулаад буцах төлөвлөгөөтэй байж. Гэтэл Эрдэнэ суманд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн учир PCR шинжилгээний хариу гарах хүртэл хатуу хөл, хорио тогтоож орж, гарах хөдөлгөөнийг хязгаарлана гэсэн яриа гарч эхэлсэн байна.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд гарсан коронавирусийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон сурагч охин тус суманд ирсэн байжээ.

Дээрх мэдээллийг сонссон залуус “хөл, хорио тогтоохоос өмнө  Эрдэнэ сумаас амжиж гарахгүй бол олон хоног гэрээсээ хол хоригдож мэдэх нь хэмээн яарч ачаатай машинаа хүмүүст захиж үлдээгээд өөрсдөө явганаар гарсан” хэмээн ар гэрийнхэн нь хэллээ.

Гэтэл өглөө нартай, цэлмэг байсан цаг агаар өдөр 12.30 цагийн үед гэнэт хувирч нүүр, нүдгүй цасан шуурга шуурч, маш их хүйтэрч эхэлсэн байна. Энэ л үед залуус цасан шуурганд төөрч улмаар осгож нас барсан байх урьдчилсан дүгнэлт гараад буй талаар нутгийнхан нь ярьж байна.

-ТАЛИЙГААЧ Б-ИЙН ЭГЧ: ЭРДЭНЭ СУМААС ЯАРЧ ГАРСАН БАЙНА ЛЭЭ-

Талийгаачдийн цогцсыг Чандмань сумын II дугаар багийн “Хүнхэрийн ам” гэх газраас олсон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Цогцос олдсон газраас 200 хан метрийн зайд малчин айл байсан гэх мэдээллийг нутгийн иргэд бидэнд өгч байгаа юм. Тэгэхээр залуус төөрч хүнд байдалд орж эхлээд малчин айл руу зүглэж байсан байх магадлалтай аж. Чандмань сумын засаг дарга Ч.Эрдэнэ-Очир уг хэргийн талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө “Талийгаачид Чандмань сумаас Эрдэнэ сум руу хувийн ажлаар машинтай гарсан юм билээ. Тухайн өдөр цаг агаарын байдал муу, шуургатай байсан учир сумын онцгой байдлын газраас гаргаагүй юм билээ. Улмаар иргэд нууц замаар автомашинтайгаа хөдлөөд удалгүй цасанд боогдож, явган явж байгаад ийм харамсалтай хэрэг гарсан байсан. Цагдаагийн байгууллагаас мэдүүлэг байцаалт авсан. Харамсалтай байна” гэжээ.  

Харин эх сурвалжууд болон ар гэрийнхий зүгээс Эрдэнэ суманд машинаа үлдээгээд явганаар Чандмань сум руу хөдөлсөн. Их хэмжээний цас орсны дараа хоёр сумыг холбодог давааны постыг хаасан байсан учир явган хүмүүс зам товчилж, уул давж орж ирэхээр яваад л төөрч ийн осолдлоо гэж байсан юм.

Мөн талийгаачид Эрдэнэ сумаас гарахдаа “Энд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн хөл, хорио тогтоох гэж буй учир бид хоёр явганаар явлаа. Урдаас тосоорой” гэж гэрийнхэнтэйгээ ярьжээ. Тиймээс ар гэрийнхэн нь урдаас нь тосохоор яаран гарсан ч цасан шуурганд тааралгүй төөрөлдөж шөнө хүргэжээ.

Бид талийгаач Б-ын төрсөн эгч Б-тэй холбогдоход “сэтгэл, санаа маш тогтворгүй байгаагаа учирлаж “Эрдэнэ суманд халдварын сэжигтэй тохиолдол гарсан гэж сонсоод ажлаа амжуулалгүй яарч гарснаас болж ийм харамсалтай үйл явдал боллоо. Цааш нь ярьж чадахгүй нь” гэсэн юм.

-АЙМГИЙН ЦАГДААГААС БАГ ИРЖ ХЭРГИЙГ ШАЛГАЖЭЭ-

Аймгийн цагдаагийн хэлтсээс мэргэжилтнүүд ирж уг хэргийг шалгасан бөгөөд цогцсыг задлан шинжилгээнд оруулжээ. Хариу гарсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тухайн өдрийн өглөө нартай байсан учир талийгаачид нь нимгэн хувцастай гарчээ. Хэрвээ зузаан хувцастай байсан бол малчин айлд хүрчих байсан болов уу гэх горьдлого бий аж. Цогцсыг олоход 40 настай Г, 21 настай Б-г тэвэрч хэвтсэн байдалтай байсан гэх мэдээлэл байна.  

-Б-ИЙН АРД ЭЭЖ, ЭГЧ ХАМААТАН САДАН, ЖИРЭМСЭН ЭХНЭР НЬ ҮЛДЖЭЭ-

Чандмань сумын Засаг дарга Ч.Эрдэн-Очир “Талийгаач иргэд манай суманд хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. ЗДТГ-т ажилладаггүй. Ийм ташаа мэдээлэл яваад байх шиг” гэсэн. Тэгвэл талийгаач Г-ийн хувьд алтны уурхайд ажилладаг байсан бол Б өнгөрсөн жил цэргээс халагдаж ирсэн бөгөөд хөдөө мал, малладаг нэгэн байжээ. Түүний эхнэр удахгүй амаржих юм байна. Харин ээж, эгчийнх нь  сумын төвд төрийн албанд ажилладаг байна. Тэдний хувьд сайхан ааш, аягтай хүн байсан гэж нутгийнхан нь ярилаа.