ВИДЕО: УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан экспорт, импортын жолооч нарыг ЗОЛБИН гэжээ

ВИДЕО: УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан экспорт, импортын жолооч нарыг ЗОЛБИН гэжээ

-УЛААНБААТАРЫН ЗОЛБИН ЖОЛООЧ НАР КОРОНАВИРУС АВЧИРНА. ДОРНОГОВИЙНХОН АВЧИРНА ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА -

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар эдгээр өдрүүдэд сонгогдсон тойрог болох Дорноговь аймагт ажиллаж байна. Тэд Сайншандад ажилласны дараа буюу өчигдөр /2021.04.26/ Зам-Үүд сумын төрийн албан хаагчидтай уулзсан юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Замын-Үүд-Эрээний гаалиар экспорт, импортын ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг жолооч нарыг ЗОЛБИН гэж дуудсан нь иргэдийн дунд шүүмжлэл дагуулаад байна.

Тодруулбал, тэрбээр “Замын-Үүд сум онцгой бүс нутаг.  Зарим хүмүүс Замын-Үүд сумыг аймгийн статустай болгох далд санаа зорилготой байна. Дорноговиос салгаж тустаа хот болгоно хэмээн хөөцөлддөг хүмүүс далдын санаархлаа татаарай. Цаашдаа тийм зүйл байж болохгүй. Босоо удирдлагатай байгууллагууд орон нутагтай хамтарч ажиллах нь хамгийн чухал. Аймагт захирагдахгүй, сум орон нутгийн удирдлагыг үл тоодог увайгүй байдлаа боль. Сум орон, нутгийн удирдлагуудтай хамтарч ажиллах ёстой. Монгол улсын хэмжээнд хамгийн том гаалийн газар бол Замын-Үүд. Гаднаас ирсэн хүмүүс нутгийнхныг хавчиж шахдаг үйлдэлээ зогсоож, улс төржихгүй шүү” гэж уулзалтын эхэнд анхааруулаад үргэлжлүүлэн экспорт, импортын тээврийн зохицуулалтын үйл ажиллагаа, жолооч нартай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна.

Ингэхдээ “1700 гаруйгаас 600-700 хүрэхгүй нь Дорноговийн жолооч нар байна. Замын-Үүдээс Улаанбаатар руу тээвэр хийхдээ авлигал, хээл хахуулийн асуудлыг гаргасан хүмүүс дандаа Улаанбаатарынхан, өөр аймаг, орон нутгийнхан. Бүр сүлжээ болж мафижсан. Гааль, Хилийн цэрэг манай аймаг, сумын удирдлагууд өөрсдөө авлигалын сүлжээнд нь давхиад орчихсон. Олон удаагийн авлига хээл, хахуулийн асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Цаашид ч байнга шалгаж байх ёстой. Замын-Үүдээс тээвэр хийхэд 30 сая төгрөг болж байна. Ийм үнэ гэж юу байсан юм. Энэ мөнгө бүгд жолоочид очиж байна гэж бодохгүй байна. Энэ бүгдэд гааль, хяналтын байгууллагууд нийлж оролцож байна. Замын-Үүдийн тээвэр авлигалд идэгдсэн. Хилийн цэрэг, Гааль нь энэ асуудлаа өөрсдөө шийд. Автотээврийнхэн хийх ёстой ажлаа хий. Аймаг, орон нутгийнхан оролцдогоо боль.

Дунд шатнаасаа эхлээд удирдлага хүртлээ машин гаргадаг, түлхдэг, оруулдаг ажил хийж амьдарч байна. Гудамжинд байгаа жолооч ийм ажил хийж чадах уу. Та нар хил хаагдсаны дараа өчнөөн л мөнгө хийлээ шүү дээ. Ард иргэдийн гар дээр очиж буй ногооны үнэ, хүнсний үнэ та нарын авлигын сүлжээнээс хамаарч байна. Замын-Үүдийн тамгын газар чадваргүй, арчаагүй, сэтгэлгүй хүмүүсээр дүүрсэн” гэжээ.

Цаашлаад Улаанбаатараас ковид зөөвөрлөгдөж ирэх магадлал өндөр. Цагдаагийн дарга нь хил дээр хэвтэж байхаар “Мал бааз” дээр очиж ажлаа хийгээч. Улаанбаатарас ирж буй золбин жолооч нар энэ өвчнийг чирж ирнэ шүү. Дорноговийн жолооч нар чирж ирнэ гэж бодохгүй байна гэжээ.  

-ЖОЛООЧ: ГАЗАР, ГАЗРААС ЦУГЛАСАН ААВЫН ХӨВГҮҮДИЙГ ЗОЛБИН ГЭСЭНД ГОМДОЛТОЙ БАЙНА-

Өнөөдөр Замын-Үүдийн гаалийн хяналтын хашаанд 230 автомашин хилээр гарахаа хүлээгээд байж байна. Харин шороон зам дээр 300-400 машин мөн дугаараа хүлээсэн байдалтай байгаа юм. Энэ сарын 08-ны өдрөөс БНХАУ-ын талаас өдөрт 20 машинаар таталт хийж эхэлсэн. Харин энэ тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдэж 100-130 болсон байна. Гэхдээ цаашид Замын-Үүдэд коронавирус бүртгэгдвэл экспорт, импортын машиныг хилээр нэвтрүүлэхгүй гэж хатуу мэдэгдсэн. Өчигдөр л гэхэд /2021.04.26/ шороон шуургатай гэх шалтгаанаар БНХАУ-ын талаас нэг ч машиныг оруулаагүй байна.

Жолооч нарын хувьд “Мал бааз” гэх газарт тусгаарлагдан үлдэж цааш солилцооны жолооч нарт машин болон ачаа тээврээ өгч явуулан хилээр гаргуулж буй. Харин солилцооны жолооч нар тээврийн хөлсийг албаныхантай хуйвалдан, дураараа нэмж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Жолооч нарын хувьд “Мал баз” дээр тусгаарлагдаж тусгаарлалтын мөнгө, хоолны мөнгө зэргийг зарлагадаж байна. Бид сар ч хүлээх тохиолдол бий. Өөрсдөө үйл ажиллагаагаа уялдуулахгүй, хүнд сурталдаж үнэ нэмж байж эцэст нь бидэн рүү бурууг чихэж болохгүй. Газар, газраас ирсэн аавын хөвгүүд амьдрах гэж ажил хийж явна. Ингэж ялгаварлаж, золбингоор нь дуудаж буйд харамсалтай байна” гэсэн юм.