Улсын мөнгөөр гадаадад сурсан бол "ажилласан жил шаардахгүй" төрд томилох хуулийг Ё.Баатарбилэг боловсруулжээ

Улсын мөнгөөр гадаадад сурсан бол "ажилласан жил шаардахгүй" төрд томилох хуулийг Ё.Баатарбилэг боловсруулжээ

Монголын төрд өндөр албан тушаал хашиж байгаа зарим даргын хүүхдүүд гадаадын их сургуульд улсын зардлаар суралцсан, одоо суралцаж байгаа гэдэг. Тэднийг ийнхүү суралцахад төрийн албан тушаалтай эцэг, эхийн нөлөө байхыг үгүйсгэхгүй.

Тухайлбал, Шадар сайд С.Амарсайхан хүү А.Эрдэнэхүслэн БШУЯ-ны харьяа боловсролын зээлийн сангаас 27 мянган ам.долларын зээл авч Бристолын Их сургуульд суралцаж байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Т.Бадамсүрэнгийн охин Б.Буянжаргалын Торонтогийн Их сургуулийн төлбөрт тус үйлдвэрээс 102 сая төгрөг шилжүүлсэн нь ил болсон. Харин энэ бүх боломж жирийн иргэдийн хүүхдүүдэд олдох нь хомс гэж болно. Мөн улс төрд нөлөө бүхий зарим хүний хүүхдүүд төрийн албаны туршлага, ажилласан жилийн шалгуурт нийцэхгүй хирнээ, ажиллаж хуульч зөрчиж байгаа мэдээлэл гарах болсон.

-Ё.БААТАРБИЛЭГИЙН БОЛОВСРУУЛСАН ХУУЛИАР ЗАРИМ ДАРГА НАРЫН ХҮҮХДҮҮД АЖИЛЛАСАН ЖИЛ, ТУРШЛАГА ШААРДАХГҮЙГЭЭР ТӨРИЙН АЛБАНД ТОМИЛОГДДОГ БОЛОХ УУ-

Тэгвэл УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулсан байна. Гэтэл түүний төсөл “гадаадын зарим их дээд сургуулийг төгссөн дарга нарын хүүхдүүд ямар ч туршлага, ажилласан жил шаардахгүйгээр төрийн албанд томилогдох нөхцөлийг бүрдүүлж байна уу” гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Тодруулбал, Ё.Баатарбилэг “Төрийн албаны тухай хууль” /ТАТХ/-ийн 23.7-г “… төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтад тэнцсэн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.7-д заасан журмаар тодорхойлсон дэлхийн шилдэг их сургууль төгссөн иргэнд энэ хуулийн 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлага хамаарахгүй” гэж өөрчлөх төсөл боловсруулжээ. Хуулийн төслийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Ё.Баатарбилэгийн боловсруулсан хуулийн төсөл

Харин ТАТХ-ийн 23.2-д Төрийн захиргааны албан тушаалд тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилохоор зохицуулсан байдаг. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Мөн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.7-д “Гадаад улсад дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа Монгол Улсын иргэнд Засгийн газраас тогтоосон журмын дагуу суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл олгож болно” гэж заажээ.

Товчхондоо, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нь “улсын мөнгөөр гадаадад суралцаж байгаа зарим дарга нарын хүүхдүүд төрийн албаны тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдоход ажилласан жил, мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, төгссөн байхыг шаардахгүйгээр шууд томилогдох төслийг боловсруулсан байна. Нөгөөтэй хууль санаачлагч энэ зохицуулалт жирийн иргэдэд ч хамаатай гэж тайлбарлах нь мэдээж. Гэтэл төрийн албаны удирдах албан тушаалд УИХ, Засгийн газрын гишүүдийн хүү, охин, хүргэн, бэрүүд томилогдох болсон билээ. Энэ талаарх манай өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.  




Улаанбаатарт 21 градус дулаан байна

20 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

21 минутын өмнө