Д.Буянтогтох: "Буянт-Ухаа" цогцолборт 300 ор дэлгэсэн. Өвчлөл нэмэгдвэл тэнд хүмүүсийг тусгаарлана

Д.Буянтогтох: "Буянт-Ухаа" цогцолборт 300 ор дэлгэсэн. Өвчлөл нэмэгдвэл тэнд хүмүүсийг тусгаарлана

Засгийн газрын гуравдугаар сарын 24-ны хуралдаанаар нөхцөл байдал хүндэрвэл Яармаг дахь спортын ордон, Бөхийн өргөө, Батлан хамгаалах их сургуулийн сонсогчдын байранд хөнгөн өвчтөнүүдийг хүлээн авах ор дэлгэнэ хэмээн мэдээлж байв. Мөн хэдхэн хоногийн өмнө Буянт-Ухаа спортын ордонд ор дэлгэж эхэлсэн. 

Тэгвэл эмнэлгийн орны хүрэлцээний талаар Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох тодорхой мэдээллийг өглөө. 

Тэрбээр “УОК-ын 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 03 тоот тогтоолын хүрээнд нөхцөл байдал одоогоос илүү хүндэрвэл их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутны дотуур байр болон ХНХЯ-ны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн байрыг ч эмнэлгийн зориулалтаар ашиглахаар тусгасан байгаа.

Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай нөхцөлийн судалгаа, шинжилгээг хийж, нөхцөл байдлыг хангаж байна.

Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв дээр одоогоор ямар нэг байдлаар хүн хэвтүүлж эмчлээгүй. Гэхдээ бэлтгэлээ ханган ажиллаж байна. Байдал үүнээс улам дордвол мэдээж тухайн төвийг коронавируст халдварыг эмчлэх эмнэлгийн зориулалтаар ашиглахаас өөр аргагүй гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй байна.

Үүнээс гадна "Буянт-Ухаа" спорт цогцолборт 300 ор дэлгээд байгаа. Гэхдээ одоогоор ашиглахгүй бидний төсөөлснөөс илүү өвчлөл нэмэгдвэл тэнд хүмүүсийг тусгаарлан ажиглахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа гэсэн үг. Түүнээс биш өнөө маргаашийн дотор тэнд хүмүүсийг тусгаарлах нөхцөл байдал арай үүсээгүй” гэв.