ВИДЕО: Удахгүй тэтгэвэртээ гарах хорооны үйлчлэгчийг “Эрүүл мэнд нь тэнцэх эсэхийг тогтооно” гээд ажлаас нь халжээ

ВИДЕО: Удахгүй тэтгэвэртээ гарах хорооны үйлчлэгчийг “Эрүүл мэнд нь тэнцэх эсэхийг тогтооно” гээд ажлаас нь халжээ

-С.ОДОНТУЯАГИЙН ҮЕД АЖИЛЛАЖ БАЙСАН ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛСӨН ҮҮ-

Түүнийг Гомбожавын Цэцгээ гэдэг. 2003 оноос 18 жил тасралтгүй үйлчлэгчээр ажиллахдаа 15 жилд нь Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт сүүлийн гурван жилд тус дүүргийн 15 дугаар хороонд ажиллажээ. Яг нэг жил зургаан сарын дараа гавьяаны амралтаа авч, тэтгэвэртээ гарна.

Гэтэл Баянгол дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр өнгөрсөн нэгдүгээр сард /2021.01/ томилогдсон Ж.Шижирдаваа нь түүнийг ажил хийх нөхцөл бололцоогоор хангаж өгөлгүй дарамтад оруулж улмаар сүүлийн өдрүүдэд ажлаа хүлээлгэж өгөхийг эрчимтэй шаардан эцэст  нь “Ажлын байрандаа эрүүл мэндийн хувьд тэнцэх эсэхийг тогтоох хүртэл ажиллуулахгүй” гэх үндэслэлээр түр чөлөөлжээ.

Хамгийн ноцтой нь Г.Цэцгээ гуайг дүүргийн өмнөх Засаг дарга С.Одонтуяагийн үед ажиллаж байсан гэх шалтгаанаар намын ялгаварлалт гарган ийнхүү ажлаас нь түр чөлөөлсөн байх магадлалтай аж. Бид Г.Цэцгээ гуайтай холбогдож уг асуудлаар мэдээлэл авсан юм.

-Г.ЦЭЦГЭЭ: ЭГЧ НЬ ӨМНӨ НЬ ЧӨЛӨӨ АВЧ БАЙСАНГҮЙ. ГЭТЭЛ СҮҮЛИЙН ГУРВАН САР БИЕ ӨВДСӨНӨӨС БОЛЖ АЖЛААС ЧӨЛӨӨЛЖ БАЙНА. ҮҮНИЙГ ШАЛТАГ Л БАЙХ ГЭЖ ХАРДАЖ БАЙНА-

Тэрбээр өөрт нь үзүүлж буй дарамт шахалтын талаар ярихдаа “Эгч нь тасралтгүй 18 жил үйлчлэгчээр ажиллахдаа ажлын хариуцлага алдаж байсангүй. Сүүлийн гурван жилд Баянгол дүүргийнхээ 15 дугаар хороонд ажиллалаа. Ажил тасалж, чөлөө авч байсангүй. Гэтэл өнгөрсөн арваннэгдүгээр сард бие өвдөж баруун хөлөндөө хагалгаа хийлгэсэн. Хөл буглаж хоёр ч удаа хагалгаанд орсон. Би өөрөө ажлаа хийх боломжгүй болсон тул орондоо бэрээ ажиллуулсан. Бэрээ ажиллуулахыг өмнөх Засаг дарга Батдорж маань зөвшөөрсөн юм. Бэр маань ч миний оронд сайн ажилласан гэж боддог. Гэтэл өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр манай хорооны Засаг дарга солигдож түр орлон гүйцэтгэгчээр Ж.Шижирдаваа ирсэн.

Ирсэн даруйдаа “Бэрийг чинь ажиллуулах боломжгүй шүү өөрөө ажлаа хий” гэж хэлсэн. Миний хөлийн буглаа дахин сэдэрч алхаж ч чадахгүй байсан учир нөхцөл, байдлаа учирлан хэлж орондоо бэрээ үргэлжлүүлэн түр ажиллуулахыг гуйсан. Би тухайн үед Баянгол дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуягтай очиж уулзаад учир байдлаа хэлсэн. Б.Мөнгөнхуягийн хувьд өргөдөлтэй тань танилцаж хариу хүргүүлтэл бэрээ орондоо ажиллуулж байхгүй юу даа гэсэн. Гэтэл удалгүй буюу хоёрдугаар сарын сүүлээр Ж.Шижирдаваа дахин бэрийг чинь ажиллуулах боломжгүй гэсэн. Тухайн үед би ажилдаа орох нь бүү хэл дахин хагалгаанд орох гэж байлаа.

Нэгэнтээ орондоо хүн ажиллуулж болохгүй гэсэн учир би ээлжийн амралтаа авах хүсэлт гаргасан. Харин хариуд нь Ж.Шижирдаваа “Ээлжийн амралтыг чинь олгож болно. Гэхдээ дахин бие чинь өвдвөл ажлаас халахыг хүлээн зөвшөөрнө гэсэн өргөдөл бичиж өг. Хэрвээ ийм агуулгатай өргөдөл өгөхгүй бол ээлжийн амралтыг тань олгохгүй” гэсэн. Надаар ажлаас гарах өргөдлийг маань өгүүлэх гээд байна шүү дээ.

Нэгэнтээ ээлжийн амралт олгохгүй гэсэн учир би хөлөө чирээд ажиллаж эхэлсэн. Гэтэл өнгөрсөн баасан гаригаас /2021.04.16/ таныг ажиллуулахгүй шүү гэж мэдэгдсэн. Тэгсэн ч би өнөөдөр /2021.04.20/ ажилдаа ирсэн. Гэтэл өглөө коридорт таараад “Та яах гэж ирсэн юм бэ. Хэдий ингэж ажилласан ч цалинг чинь өгөхгүй шүү. Бодогдохгүй” гэж хэлсэн” гээд уйлсан юм.

-АЖЛЫН БАЙРАНДАА ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУВЬД ТЭНЦЭХ ЭСЭХИЙГ ТОГТООНО ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР АЖЛААС ЧӨЛӨӨЛЖ БОЛОХ УУ-

ТҮҮНИЙГ АЖЛААС ТҮР ЧӨЛӨӨЛСӨН ТУХАЙ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛИЙН ГАРЫН ҮСЭГТЭЙ АЛБАН БИЧИГТ “Баянгол дүүргийн 15 дугаар хорооны үйлчлэгч Г.Цэцгээ нь ажлын байрандаа эрүүл мэндийн хувьд тэнцэх эсэхийг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарах хүртэл ажиллуулахгүй байхыг мэдэгдье” гэжээ. Уг бичгээс болж Г.Цэцгээ гуайг ажлаасаа түр чөлөөлөгдсөн гэсэн үг.

Энэ талаар Г.Цэцгээ “Би ажлаа хийе гэсэн. Хэдий миний хөл бүрэн эдгээгүй ч би ажлаа хийж чадахаар байна гэж хэлж байхад “Та эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй” гээд шууд чөлөөлж болохгүй биз дээ. Хорооны өрхийн эмнэлэгт үзүүл гэж намайг шахаж байна. Хорооны эмчтэйгээ хуйвалдсан ч юм билүү яаж мэдэх юм. Хэрвээ хорооны эмч намайг эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэвэл бүр халах нь” гэсэн юм.

Түүний хувьд 90 нас хүрч буй ээжийгээ асарч амьдардаг нэгэн. Гэтэл тэтгэвэрт гарахын өмнөхөн ийнхүү ажилгүй болгож буйд гомдолтой байгаагаа бидэнд учирлалаа. Харин 15 дугаар хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Шижирдаваатай уулзахыг бид зорьсон ч тэрбээр ажлын байрандаа эзэнгүй байсан юм. Бид уг асуудлаар түүнтэй холбогдож хоёр талын байр, суурийг хүргэх болно.

СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ: Ажилтан өөрөө “Эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хийх боломжгүй байна. Ажлаас чөлөөлж өгнө үү” гэж албан бичгээр ажил олгогчид хандаагүй байхад шууд ажлаас чөлөөлөх нь Хөдөлмөрийн болон бусад хууль тогтоомжид хэр нийцэх шийдвэр вэ. Тэр дундаа ажилтан ажлаа хэвийн үргэлжлүүлж байхад хөндлөнгөөс эрүүл мэндийг нь шууд дүгнэж эмчид үзүүлж, дүгнэлт гарах хүртэл ажиллуулахгүй гэх нь хэр зөв зохистой вэ.

Энэ зөвхөн Хөдөлмөрийн хууль зөрчөөд зогсохгүй хүний эрхийн ноцтой зөрчил гаргаж буй үйлдэл биш байгаа. Ажилтныг өвчтэй байх хойгуур ажлаас чөлөөлөхөөр бэлтгэж улмаар хуулийн дагуу ээлжийн амралтаа авах хүсэлт гаргахад нь тодорхой бус шалтгаанаар барьцаалан дарамт үзүүлэх нь мөн хууль зөрчиж буй үйлдэл биш биз. Энэ мэт тодорхойгүй олон асуулт энд байна. Үүнд Хүний эрхийн үндэсний комиссоос эхлээд бусад мэргэжлийн байгууллагууд анхаарлаа хандуулна бизээ. Баянгол дүүрэгт хавчилт, шахалтын улмаас ажилгүй болсон ажилтан ганц Г.Цэцгээ гуай биш бөгөөд өмнө нь олон үйлчлэгч яг дээрх шиг шалтгаанаар 2020 оны сонгуулиас хойш ажлаасаа чөлөөлөгдсөн гэх мэдээлэл бидэнд бий юм.

 Үргэлжлэл бий.