ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг тусгаарлалтаас бултаж бусдыг эрсдэлд оруулсан уу

ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг тусгаарлалтаас бултаж бусдыг эрсдэлд оруулсан уу

Өнгөрсөн сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Ц.Эрдэмбилэгийг томилсон.

Уг хуралдаанд Ц.Эрдэмбилэг өөрийн биеэр оролцож маргаашнаас нь ЭМЯ-ны ажилдаа орсон байдаг юм. Гэтэл яг тус өдрүүдэд тэрбээр коронавирусийн халдвартай иргэний нэгдүгээр хавьтагч болоод байсан тул тусгаарлалтад байх ёстой байжээ. Гэтэл тэрээр шууд ажилдаа ирж, бусдыг эрсдэлд оруулсан үйлдэл нь өнөөдөр Эрүүл мэндийн яаманд сөхөгдөж нэлээн маргаан дэгдээж байна гэх мэдээлэл байна.

-Ц.ЭРДЭМБИЛЭГ ГУРВАН ГАЛ ЭМНЭЛЭГТ ГАРСАН ХАЛДВАРЫН АНХНЫ ХАВЬТАГЧ БОЛСОН УУ-

Ц.Эрдэмбилэг нь Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдохынхоо өмнө  Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан. Мөн өөрийн хувьцаа эзэмшдэг "Гурван гал" эмнэлэгт оройгоор ажилладаг байсан гэх мэдээлэл байна.

Гэтэл тухайн үед нь Гурван гал эмнэлэгт коронавирусийн халдвар бүртгэгдэж Ц.Эрдэмбилэг анхны хавьтагч болсон гэж ХӨСҮТ-д бүртгэгджээ.

Цаашлаад Ц.Эрдэмбилэгийг тусгаарлах хүмүүсийн жагсаалтад оруулсан албан бичиг ХӨСҮТ болон ЭМЯ-д байгаа гэж эх сурвалжууд хэлэв. Гэтэл Ц.Эрдэмбилэг тусгаарлагдахаас татгалзаж Засгийн газрын хуралдаанд оролцож, Эрүүл мэндийн яаманд ажиллаж эхэлжээ. Сүүлийн үед ЭМЯ-ны ажилчид түүний энэхүү үйлдлийг нь сануулж, шүүмжилж буй бөгөөд энэ талаар ярьсан ажилчин бүхнийг өрөөндөө дуудан “Мэдээлэл битгий тараагаач. Тохиролцъё” гэж байх магадлалтай байна.

Иргэдэд халдвар, хамгаалал, тусгаарлалтын дүрмийг чанд сахиулж өндөр шаардлага тавих мөртлөө өндөр албан  тушаалтнууд өөрсдөө хариуцлагагүй хандаж байгаагийн нэг жишээ энэ юм. Мөн Ц.Эрдэмбилэг одоо ч Гурван гал эмнэлэгтээ оройгоор ажиллаж байж болзошгүй байгаа юм. Сануулахад, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин цар тахлын хүнд үед эндэх ажлаа хийхгүй хөл, хорио зөрчиж УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг даган Булганд очсон гэх шүүмжлэлд өртсөн. Тэгвэл Ц.Эрдэмбилэг ч мөн төрийн ажлын хажуугаар хувийн эмнэлэгтээ ажиллаж байж болохгүй гэх шүүмжлэл Эрүүл мэндийн яаманд өрнөөд байгаа аж.

Ц.Эрдэмбилэгийн товч намтар

Цэвэгмидийн Эрдэмбилэг 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 2002 онд Анагаах ухааны их сургууль, 2008 онд Итали Улсын Тор Вергата их сургууль  төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны доктор, дэд профессор.

  • 2003-2019 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Анагаах ухааны сургуульд арга зүйч, багш, ахлах багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэнхимийн эрхлэгч
  • 2012-2019 онд “Гурван гал” нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч, зөвлөх эмч, Эмнэлзүйн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал
  • 2019 оноос одоог хүртэл Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирлаар ажилласан.