ИНЕГ-ын удирдах албан тушаалтан бүсгүй Жаргалтант сувилалд шинжилгээний бичиггүй очиж бусдыг эрсдэлд оруулсан уу

ИНЕГ-ын удирдах албан тушаалтан бүсгүй Жаргалтант сувилалд шинжилгээний бичиггүй очиж бусдыг эрсдэлд оруулсан уу

-ЖАРГАЛАНТ СУВИЛАЛД ЭХНИЙ ЭЭЛЖИЙН 20 АЖИЛТАН
СУВИЛУУЛЖ БАЙЖЭЭ-

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Жаргалант” сэргээн засах сувилалд амарч байсан Улсын онцгой комиссын Шуурхай штабын 11 ажилтнаас коронавирус илэрсэн гэх мэдээлэл өчигдөр гарсан. Энэ сарын 05-ны өдөр /2021.03.05/ Б.Ууганбаярыг Шуурхай штабын даргаас чөлөөлж Ж.Чүлтэмсүрэнг томилсон. Ж.Чүлтэмсүрэн нь тус албан тушаалд томилогдсон даруйдаа шийдвэр гаргаж Улсын онцгой комисс Шуурхай штабын ажилчдыг ээлж дарааллын дагуу сувилалд эмчлүүлэхээр болсон байна. Энэ дагуу энэ сарын 18-аас эхний ээлжийн 20 орчим ажилтан Жаргалант сувилалд сувилуулахаар очжээ.

-ЖАРГАЛАНТ СУВИЛЛЫН АЖИЛЧДААС КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ. ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛААС АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙГ ХИЙЖЭЭ-

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Шуурхай штабт ажилласан гэх, Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдах албан тушаалтан О гэх бүсгүйгээс эхэлж коронавирус илэрсэн бөгөөд дараа нь ойрын болон дам хавьтагчдыг нь шинжилгээнд хамруулахад нэмж 10 хүнээс илэрсэн аж. Хамгийн ноцтой нь О хариуцлагагүй хандаж шинжилгээний бичиггүй тус сувилалд очсон байх нөхцөл, байдал үүсээд байна. 

Тодруулбал, Жаргалант сувиллын хувьд удирдах байгууллагаас нь тушаал өгсөн мөн “Эмчлүүлж, сувилуулах хүмүүс бүгд PCR шинжилгээ өгсөн” гэж мэдэгдсэн учир хүлээн авчээ.

Мөн Шуурхай штабын ажилчид учир хариуцлага өндөр, Улсын онцгой комиссоос худал хэлээгүй гэдэгт тус сувиллын ажилчид итгэсний үндсэн дээр хүлээн авч эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байсан байна. Гэтэл О бүсгүй ганцаараа шинжилгээгүй очсон байж болзошгүй бөгөөд түүнээс коронавирус илэрснийх нь дараа энэ талаар олсон гэх. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар О бүсгүй ганцаараа нэг өрөөнд байрлаж байсан ч бусадтайгаа хамт хооллодог, бариа болон бусад эмчилгээнд цуг ордог байсан учир халдвар тараасан байх магадлалтай аж.

Уржигдар /2021.03.23/ О болон бусад халдвар илэрсэн 10 хүнийг ХӨСҮТ-рүү явуулсан бөгөөд халдваргүй ажилтнуудыг гэрийн тусгаарлалтад гаргажээ. Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс ариутгал, халдваргүйжүүлэлтийг Жаргалант сувилалд хийсэн бөгөөд одоогоор үйл ажиллагаагаа түр зогсон цаашид хэрхэх талаар ОБЕГ-ын тушаалыг хүлээж байна. Мөн тус сувиллын бүх ажилчдыг PCR шинжилгээнд хамруулсан бөгөөд коронавирус илрээгүй гэх мэдээлэл байгаа юм. Жаргалант сувилалд Шуурхай штабын 20 ажилтнаас өөр үйлчлүүлэгч байгаагүй аж.

Зарим хэвлэлээр бичигдээд буй сувилал голомт болсон  гэх мэдээлэл нь ташаа болов. Учир нь тус байгууллагын бүх ажилчдаас коронавирус илрээгүй. Бас нэг анхаарал татах мэдээлэл буй нь О нь Шуурхай штаб дээр тогтмол ажилладаггүй цөөхөн харагддаж байсан гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.