Apple компани шинэ iPhone 12 утасныхаа 4 загварыг танилцууллаа

Apple компани шинэ iPhone 12 утасныхаа 4 загварыг танилцууллаа

Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө Apple компани шинэ iPhone 12 загварын ухаалаг гар утасныхаа 4 өөр хувилбар буюу iPhone 12 mini, iPhone 12, iPhone 12 Pro болон iPhone 12 Pro Max загваруудаа танилцууллаа.

Эдгээр загвар нь бүгд эрчим хүчийг маш бага ашигладаг OLED технологийн дэлгэцтэй, үүрэн холбооны 5G сүлжээнд нийцтэй ажилладаг зэргээрээ онцлог болжээ.

Харин дизайны хувьд iPad Pro төхөөрөмжтэй ижил дөрвөлжилсөн металл хүрээтэй болсон байна. Эх биедээ MagSafe соронзон тогтоогчтой тул хэтэвч, цэнэглэгч зэргийг нааж тогтоох боломжтой юм.

Мөн хайрцгандаа чихэвч болон цэнэглэгч багтаагаагүй бөгөөд үүнийгээ Apple компани байгальд ээлтэй шийдэл хэмээн тайлбарлажээ.

-Iphone 12 нь Iphone 11 хувилбараасаа 11 хувиар нимгэн-

Үндсэн хувилбар болох iPhone 12 нь өмнөх iPhone 11 хувилбараасаа 11 хувиар нимгэн, 15 хувиар жижиг, 16 хувиар хөнгөн болжээ. 6.1 инчийн хэмжээтэй OLED технологийн дэлгэц нь нэг инчэд 460 цэгийг багтаасан нягтралтай, Dolby Vision HDR дүрсний стандарттай. Эх биеийг хөнгөн цагаан материалаар хүрээлж, хоёр талыг нь “Ceramic Shield” технологийн бэхжүүлсэн шилээр бүржээ. Ингэснээр өмнөх загваруудаасаа дөрөв дахин бат бэх болсон байна.

A14 Bionic процессор нь гар утсанд зориулсан анхны 5 nm-ийн чип бөгөөд iPhone 12-ыг хамгийн сайн үзүүлэлттэй Android гар утаснуудаас 50 хүртэл хувиар хурдан болгож байгааг Apple онцолсон байна.

iPhone 12 хувилбар нь ар талдаа 12 MP үндсэн, 12 MP хэт өргөн өнцгийн хоёр камертай. Камерны хурд эрс нэмэгдэж, гэрэл багатай орчинд зураг авах чадвар нь өмнөхөөсөө 27 хувиар сайжирчээ.

iPhone 12 хувилбаруудад шинэ MagSafe систем нэвтрүүлсэн нь эх бие дотор нь байрлах соронзон тогтоогч юм. Үүний тусламжтай гар утасны гэр, хэтэвч, цэнэглэгч зэрэг төрөл бүрийн нэмэлт хэрэгслийг ар талд нь нааж тогтоох боломжтой болжээ.

 -Iphone 12 mini дэлхий дээрх хамгийн хөнгөн, нимгэн, жижиг загвар-

5.4 инчийн дэлгэцтэй iPhone 12 mini хувилбарыг Apple компани өнөөдрийн байдлаар дэлхий дээрх хамгийн жижиг, хамгийн хөнгөн, нимгэн 5G гар утас гэж тодорхойлжээ.

Дэлгэцний хэмжээнээс бусдаар техникийн үзүүлэлтүүд болон өнгөний сонголт нь iPhone 12 хувилбартайгаа ижил iPhone 12 mini $699-ээс эхлэх үнэтэйгээр арваннэгдүгээр сарын 13-нд худалдаанд гарах юм байна.

Санах ойн багтаамж нь 64GB, 128GB, 256GB сонголтуудтай.

-Iphone 12 pro загварын шөнийн зураг авах чадвар нь сайжирсан-

iPhone 12 Pro загварын хэмжээ нь iPhone 12-той ижил. Харин эх биеийг хөнгөн цагаанаар бус гангаар хийсэн бөгөөд гадаргууг нь шилээр бүржээ. Ардаа өргөн өнцгийн, алсын, хэт өргөн өнцгийн 12 MP камертай. Энэ нь шөнийн зураг авалт хийх чадварыг сайжруулсан байна. Өмнө нь энэ систем iPad Pro-д суулгасан байв.

-Iphone 12 pro max нь урьд өмнө байгаагүй хамгийн том дэлгэцтэй Iphone утас-

iPhone 12 Pro Max нь хамгийн том загвар аж. Бүхэлдээ iPhone 12 Pro загвартай төстэй ч 6,7 инчийн өргөн дэлгэцтэй, 2,5 дахин ойртуулах оптик дурантай.

Pro Max хувилбарын хувьд өмнө нь гарч байгаагүй хамгийн том дэлгэцтэй iPhone болж байгаагаараа онцлог.

Pro хувилбарууд нөгөө хоёр хувилбар шигээ хөнгөн цагаан биш, ган хүрээтэй. Өнгөний хувьд саарал, металл (stainless steel), алтлаг, хөх гэсэн дөрвөн сонголттой болжээ.