Уурхайн тогтоол усанд 3 иргэн автомашинтайгаа живжээ

Уурхайн тогтоол усанд 3 иргэн автомашинтайгаа живжээ

Малын эрэлд явж байсан 3 иргэн төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд автомашинтайгаа живж, 2 иргэн амь насаа алдан, 1 хүн эсэн мэнд гарчээ.

Тодруулбал, Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант багийн харьяат 3 иргэн “Приус-20” загварын суудлын автомашин согтуугаар жолоодон малын эрэлд явж байгаад “Эрдэнэ майнинг-Үйлс” ХХК-ийн эзэмшлийн Зүүн цагаан хошууны төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд автомашинтайгаа живжээ. Улмаар 2 иргэн амь насаа алдаж, нэг иргэн өөрөө машинаасаа гаран эсэн мэнд үлдсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид дуудлага авсан даруйдаа 140 км замыг туулан 17:00 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулснаар 18:38 цагт тогтоол усны 3 метрийн гүнээс иргэн 47 настай иргэн З-ийн цогцсыг олж, тус сумын хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна. Тухайн үед үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19:45 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоож, өнөө өглөө 08:00 цагт дахин эхлүүлжээ.