Коронавирус гар утас, мөнгөн дэвсгэрт зэрэг тэгш гадаргуутай эд зүйлс дээр 28 хоног амьдардгийг тогтоожээ

Коронавирус гар утас, мөнгөн дэвсгэрт зэрэг тэгш гадаргуутай эд зүйлс дээр 28 хоног амьдардгийг тогтоожээ

Коронавирус эд юмсын гадаргуу дээр материалаас хамаарч янз бүрийн хугацаанд тогтдог талаар дэлхийн олон орны эрдэмтэд судалгаа хийн танилцуулж байсан. Тэгвэл Австралийн Шинжлэх Ухааны Үндэсний Хүрээлэнгийн судлаачид коронирус эд юмсын гадаргуу дээр төсөөлж байснаас удаан амьдардгийг тогтоожээ.Тодруулбал, вирусийн амьдрах чадварын дээд хэмжээг тогтоохын тулд тасалгааны температурт буюу цельсийн 20 хэмд, гэрэлгүй, харанхуй орчинд туршилтаа явуулсан байна.

Туршилтын үр дүнд коронавирус нь гар утасны дэлгэц, цаасан болон хуванцар, мөнгөн дэвсгэрт зэрэг тэгш гадаргуутай эд зүйлс дээр 28 хоног амьдарч байжээ.

Түүнчлэн коронавирусийн амьдрах хугацаа нь хүйтнээс илүү халуун температурт богиносож байгааг тогтоосон байна. Тухайлбал, цельсийн 40 хэмийн дулаан орчинд юмсын гадаргуу дээрх вирус 24 цагийн дотор халдварлах чадвараа алдаж байжээ. Мөн коронавирус нь тэгш, гөлгөр гадаргуу дээр илүү удаан амьдардаг, харин нүх сүвтэй, тэгш бус гадаргуу дээр удаан тэсдэггүй аж. Тодруулбал, даавуун материал дээр вирус 14 хоногоос илүү амьдарч чадаагүй байна. Гэхдээ олон эрдэмтэн эд юмсын гадаргуу дээрх вирус хүнд халдварлах чадвар бага байдаг гэж үздэг.

Эх сурвалж: BBC