2021 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ: ЖДҮХС-нд төсөв суулгаагүй

2021 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ: ЖДҮХС-нд төсөв суулгаагүй

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөтгөхөд гол дэмжлэг үзүүлдэг ЖДҮХС-ийн мөнгийг УИХ-ын гишүүд нь хуваагаад “идчихсэн” үйлдлийг илрүүлээд удаагүй байтал тус сантай холбоотой гол гонсоймоор нэгэн шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. 

Тодруулбал, 2021 оны төсвийн төсөлд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд төсөв суулгаагүй байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбарлахдаа "Сангийн яамны тооцож буйгаар 500 гаруй тэрбум төгрөг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд эргэлдэж байна. Нийт 200 гаруй тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдэнэ. Түүгээр нь буцаан зээл олгоно гэж Сангийн яамнаас тооцсон" гэжээ. 

Хөрөнгийн эх үүсвэр дутмаг учраас эргэн төлөлтөөр санхүүжилтийг шийдвэрлэхээр Засгийн газраас төсөвт тусгасан нь энэ аж. Харин УИХ-аар уг асуудлыг хэлэлцээд ямар шийдвэр гаргах нь анхаарал татаж буй юм. 

2017 онд 154 төсөлд 49.7 тэрбум төгрөг 

2018 онд 212 төсөлд 96.3 тэрбум 

2019 онд 451 төсөлд 47.4 тэрбум 

2020 онд 14 тэрбум /2020.10.10 өдрийн байдлаар/ суулгаж байжээ. 

2020 онд 50 орчим тэрбум төгрөгийг эргэн төлөлтөөс төвлөрүүлэхээр тооцоолсон ч ковидтой холбоотойгоор аж, ахуй нэгжүүдийн орлого саарч одоогийн байдлаар 15 орчим тэрбум төгрөгийг л төвлөрүүлээд байгаа аж. 

Энэ онд 100 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй бөгөөд уг саналаар тус сангаас Сангийн яаманд уламжилсан байна. Хэрвээ уг 100 тэрбум төгрөгийг өгөхгүй бол уг сангийн үйл ажиллагаа хүндэрнэ гэж мэргэжилтнүүд нь хэллээ. 

2018 онд ЖДҮХС-аас УИХ-ын гишүүд олноор зээл авч одоогийн байдлаар ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа, Г.Солтан нар шүүхээс ял сонсоод байгаа юм.